ХЭНТИЙ: Стандартад нийцсэн шинэ авто буудалтай боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 12 сарын 10

Хэнтий аймагт MNS 6300:2011 стандартын дагуу III зэрэглэлийн үйл ажиллагаа явуулах “Авто буудал” ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Нээлтэд Автотээврийн үндэсний төвийн удирдлагууд, Хэнтий Аймгийн Засаг дарга, удирдлагууд болон тус төвөөр үйлчлүүлэгч иргэд, зорчигчид оролцсон юм.

Хэнтий авто буудлын барилгын ажлыг 2017 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн барьж эхлүүлсэн бөгөөд тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, техникийн хяналтын үзлэг, хот хооронд болон орон нутгийн зорчигч тээврийн үйл ажиллагааг тав тухтай орчинд цогцоор нь ийнхүү хүргэж эхэллээ.

Нийтдээ 2,6 тэр бум төгрөгийн өртөгтэй, 2 давхар 1200 м.кв талбайтай томоохон байгууламж юм. Зүүн бүсийн гэх тодотголтой энэхүү Авто тээврийн төвийг орон нутгийн “Баялаг Онон” ХХК барьсан бөгөөд нэг давхартаа нийтийн хоолны заал, “Хэнтийд үйлдвэрлэв” брэнд бүтээгдэхүүн сурталчилгааны хэсэг, 2-р давхартаа захиргаа, аж ахуй бүхий цогц байгууламж болсноороо Монгол улсдаа жишиг болохуйц бүтээн байгуулалт хэмээн албаныхан онцолж байна. Тус автотээврийн төвөөр энгийн өдрүүдэд 400-аад зорчигч үйлчлүүлдэг бөгөөд баяр ёслолын буюу ачаалал ихтэй өдрүүдэд зорчигдын тоо хоёр дахин нэмэгддэг аж.

Энэхүү төв баригдсанаар хүн амын авто тээврийн эрэлт, хэрэгцээг хангаж, хот болон орон нутаг хоорондын ачаа, зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг боловсронгуй болгох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгсэлд тавих хяналтыг сайжруулах, бүртгэлжүүлэх, такси үйлчилгээг албажуулах зэрэг олон ажлуудыг зохион байгуулах ач холбогдолтой юм.

Авто тээврийн үндэсний төвөөс 2018 онд 21 аймгийн орон нутгийн автотээврийн төвүүдийг барьж байгуулах, үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэд зорчигчдын ая тухыг хангахуйц бүтээн байгуулалтууд төлөвлөсний нэг нь ийнхүү зүүн бүсэд сүндэрлэлээ. Цаашид Автотээврийн үндэсний төвөөс 2019 онд орон нутгийн автотээврийн төвүүдээ стандартын дагуу барьж байгуулж, ард иргэддээ тав тухтай үйлчлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top