ДОРНОД: Дашбалбарт олдсон агуйд шинжилгээ хийхээр ус болон чулуулгаас дээж авчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 24

 

(ZINDAA) Дорнод аймгийн Дашбалбар сум, Унамхай модод гэх газраас 50 метр гүн агуй олдсон талаар манай сайт өмнө нь мэдээлсэн. Агуйн талаарх мэдээлэл албаны хүмүүст хүрсний дараагаас аймгаас Зүүн бүсийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн дарга Ц.Отгонхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь очиж, үзлэг хийсэн байна. Энэ талаар Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Батболдоос тодрууллаа.

Тэрбээр “Дашбалбар сумын малчин иргэд сумынхаа удирдлагуудад отрын бэлчээрт агуй байж болох нүх гарсан тухай 2018 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр мэдээлснээр сумын удирдлагууд өөрсдөө газар дээр нь очиж, эхний удаад агуйн зүй тогтолтой танилцсан. Түүний дараа Дорнод аймгаас Зүүн бүсийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн дарга Ц.Отгонхүүгээр ахлуулан, мэргэжлийн аврагчид, “Шинэ суваг” телевизийн зураглаач Х.Халиун, музейн ажилтан н.Баярмаа, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн н.Ганзориг, миний бие, нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажилласан. Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн шаардлагатай тоног төхөөрөмжийг байрлуулж, эхний удаад өөрсдөө тус агуй руу орж, бусад хүмүүс орж болох эсэх талаарх нөхцөл байдлыг судлан, нэмж хүмүүсийг тусгай бүс, аврах хэрэгсэл зүүлгэн оруулсан.

Тус агуй нь Дашбалбар сумын нутаг дэвсгэр отрын бэлчээрийн бүсэд байршиж байна. Нүхний амсар 1 метр орчим радиустай. Доошоо 3 метр орчим яваад 20 метрийн өндөртэй 1 том агуй, улмаар дахин цааш нэг хоолой дамжаад, дахин 1 том агуй, түүний цаана 4x3 хэмжээтэй тогтоол ус байсан. Тогтоол усны харагдах байдал цэнгэг, гүн дэх чулуу харагдаж байсан. Хэмжиж үзээд, 6 метр орчим гүн юм байна гэж үзсэн. Ус болон агуйн чулуулгаас хэсэгчлэн авч, сумын удирдлагуудад хүлээлгэж өгсөн. Тэд цаашид аймаг орон нутгийн болон улсын холбогдох шинжилгээний байгууллагад хүлээлгэн өгч, шинжлүүлэхээр тогтсон. Агуйн тогтоц, нөхцөл байдалд ажиглалт судалгаа хийхэд түүх, соёлын хөдлөх болон, үл хөдлөх дурсгалт зүйл ил харагдаагүй” гэсэн мэдээллийг өглөө.

Эх сурвалжуудын хэлснээр агуй нь жонштой төстэй чулуулаг ихтэй, байгалийн өвөрмөц тогтоцтой байжээ. Агуй руу мал, амьтан унах эрсдэлтэй учраас дариу хамгаалалтад авах шаардлагатай байгааг ажлын хэсгийнхэн онцоллоо.

ZINDAA.MN

Т.АМАРАА

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АРД(202.9.43.70) 2018 оны 12 сарын 24

ХУРДАН ХАМГААЛАЛТАНД АВАХ ХЭРЭГТЭЙ ДОТООД ГАДААДЫН АШИГТ МАЛТМАЛЫН АШИГ СОНИРХОЛТОЙ УЛСУУД АШИГ ХАРЖ ЭВДЭЖ НУРААХЫГ ХОРИГЛОСОН БАЙГАЛЫН ШИЛДЭГ ӨВӨРМӨЦ ТОГТОЦТОЙ ГАЗАРЫН ХАМГААЛАЛТАНД НЭН ДАРУЙ ОРУУЛЖ ХУУЛИАР ХАМГААЛАЛТАНД АВАХ НЬ ЗҮЙТЭЙ ШҮҮ.

0  |  0
Иргэн(202.9.42.172) 2018 оны 12 сарын 24

Номтой гомгүй гэх хүүхдүүд авна гэх болов уу

0  |  0
Top