ДУНДГОВЬ: Зүүн бүсийн тэмээчдийн баяр боллоо

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 24

  Дундговь аймгийн Говь-Угтаал суманд энэ сарын 22-нд зүүн бүсийн тэмээчдийн баяр боллоо. Тэмээчдийн баярт Дундговь аймгийн Цагаандэлгэр, Дэрэн, Өлзийт, Дэлгэрхангай сумаас гадна Өмнөговь аймгаас ч тэмээчид ирж тэмцээнд оролцсон юм. Тэмээн полод 5 баг оролцон тэмцэлдлээ. Түүнчлэн "Буухиа” тэмцээнээр таван хүнтэй найман баг таван минутад тэмээ хомнож, ачаа тэгнэн, буйл зорж, бурантаг томон өрсөлдсөн  бол сайхан тэмээтэй сайхан гоёл чимэглэлтэй, сайхан хувцасласан хос, өвлийн дах дэгтий, дулаан хувцасны шалгаруулалт, сайхан бие галбиртай буур, ингэ шалгаруулах төрөлд малчид идэвхтэй оролцсон юм.

  Торомны уралдаанд дээрх, аймаг сумын төлөөлөл бүгд оролцон Дэлгэрхангай, Өлзийт сумаас ирсэн торомнууд эхний дөрвөн байрт хурдалж, Говь-Угтаалын Д.Түвшинбаярын тором айргийн тавд ирлээ. Тэмээчдийн баярыг Доржийхүүгийн Түвшинбаярын тэргүүлдэг "Угтуулын хүрэн тэмээ” холбоо зохион байгууллаа. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, Засаг дарга О.Бат-Эрдэнэ, "Элгэмсэг дотно Дундговь” ТББ-ын тэргүүн, УИХ-ын гишүүн асан Н.Тогтох, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Б.Доржсүмбэр нар оролцлоо.  Баяр наадмын төгсгөлд  Говь-Угтаал сумын Засаг дарга Ө.Мөнх-Амгалан дараа жилийн зүүн бүсийн тэмээчдийн баярыг Дэрэн суманд хийх болсныг мэдэгдэн "Шилжин явах цом”-ыг Дэрэн сумын ИТХ-ын дарга Х.Довуучийд гардуулав.

Ташрамд дурдахад ган, зудад тэсвэртэй, эрсдэл хамгийн багатай мал болох тэмээн сүргийг "Төмөр сүрэг”-ийн зарчмаар өсгөх орчин үеийн загварыг санаачлан бодитоор хэрэгжүүлэхэд олон жилийн хөдөлмөр, зүтгэлээ зориулж яваа хүн нь УИХ-ын гишүүн асан Н.Тогтох гуай юм.

Dundgovi.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top