2018 оны улс болон орон нутгийн төсөвт төрийн албан хаагчдынхаа ажиллах нөхцөлийг сайжруулах, төр захиргааны байгууллагын үйл ажиллагааг стандарт нөхцөлд аваачих, түүгээр үйлчлүүлэх иргэдийн сэтгэл ханамжийг өндөр байлгах зорилгоор олон ажлыг тусгасан ба 2018 оны барилга бүтээн байгуулалтын ажлууд ашиглалтад ээлж дараалан орсоор байна. Эрдэнэцогт сум нь 1000 орчим өрхийн 5000 гаруй хүн амтай Баянхонгор аймгийн томоохон сумдын нэг. Тус сумын хуучин захиргааны хувьд 1958 онд ашиглалтад орж байсан Баянхонгор аймгийн төрийн байгууллагуудын хамгийн хуучинд ордог 60 жилийн настай барилга байсан юм.
Эрдэнэцогт сумын ЗДТГ-ын барилгын ажлыг Ж.Пүрэвсүрэн захиралтай орон нутгийн “Зүүн Шанд” ХХК өнгөрсөн 8 дугаар сараас эхлүүлж чанарын өндөр түвшинд барьж гүйцэтгэжээ. Эрдэнэцогт сумын нутгийн удирдлагын ордны нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч “Чандмань Баянхонгор” ХХК-ний дарга Э.Энхбат, Эрдэнэцогт сумын Засаг дарга Ц.Төмөрбаатар, ИТХ-ын дарга Б.Энхбаатар болон бусад сумдын удирдлага, газар хэлтсийн дарга нар нутгийн зон олон баяр талархалтайгаар оролцов. Нутгийн удирдлагын ордны нийт төсөвт өртөг 1,2 тэрбум төгрөг. Доод давхартаа фитнесс заал, 12 автомашины гражтай нийт 25 өрөө танхимтай зоорийн давхартайгаа нийлээд 3 давхар барилга юм.
Сэтгэгдэл ( 0 )