Дорнод аймгийн Халхгол сумын нутагт үхэр шүлхий өвчнөөр өвчилсөн шинж тэмдэг илэрчээ. Халхгол сумын малчны зургаан үхэрт 12 дугаар сарын 21-ний өдөр мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Иймд холбогдох байгууллагын малын эмч мэргэжилтнүүд өвчилсөн малаас дээж авч шинжлүүлэхэд шүлхий гэдэг нь тогтоогджээ. Тус сумын Засаг даргын захирамж гаргаж хорио цээрийн дэглэмийг өчигдрөөс тогтоосон байна
Хорио цээрийн хяналтын хоёр цэгт 27 хүн, таван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа аж. Шүлхийгээр өвчилсөн үхрийг тусгаарлаж, ойр орчмын 10 өрхийн 1197 үхэр, 1680 гаруй хонь, 1662 ямаа, нийт 4551 толгой малыг вакцинжуулжээ.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Батболдоос тодруулахад “Хорио цээрийн дэглэм тогтоон малчдын малыг өвчлөхөөс сэргийлэх арга хэмжээг нэн дариу авч хэрэгжүүлж байгаа” гэлээ. Өвчин гарсан талбайд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийжээ. Голомтын бүсэд 655 толгой мал, сэжигтэй бүсэд зургаан өрхийн 2541 толгой мал байгаа ажээ.
Т.Амараа
Сэтгэгдэл ( 0 )