ӨВӨРХАНГАЙ: Арвайхээр хотноо “Тэмээчдийн баяр” арга хэмжээ боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 07

Арвайхээр хотноо анх удаа “Тэмээчдийн баяр-2019" арга хэмжээ боллоо. Тус арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Өвөрхангай аймгийн Засаг даргын ивээл дор “Өвөрхангай аймгийн тэмээний Монголын хоолой холбоо” зохион байгуулав. “Тэмээчдийн баяр”-т Төгрөг, Богд, Сант, Баянгол, Баруунбаян-Улаан, Гучин-Ус, Хайрхандулаан сумдын 200 гаруй тэмээчид оролцов.

Тэмээн сүргийн соёлыг түгээх зорилготой уг арга хэмжээний нээлтийн үеэр аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж: “Тэмээчдийн баярыг зохион байгуулж занших нь өвлийн улиралд жуулчдыг татах чухал ажил болох юм” хэмээн онцлон хэллээ. Аймгийн Засаг дарга Г.Ганболд “Тэмээчдийн баярыг тогтмол зохион байгуулж тэмээн сүргийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, тоо толгой, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, аялал жуулчлалын чухал нэг хэсэг болгоход зорин ажиллана” хэмээлээ.

 

Тэмээчдийн баярын хүрээнд зохион байгуулагдсан уралдаануудад дараах тэмээчид амжилттай оролцлоо.

  • “Шилмэл буур”-аар Төгрөг сумын тэмээчин Ц.Мөнхбатын хар буур
  • “Шилмэл ат”-аар Гучин-Ус сумын тэмээчин Д.Шийрэвсамбуугийн хүрэн ат
  • “Шилмэл ингэ”-ээр Гучин-Ус сумын тэмээчин О.Сэдэдийн хүрэн ингэ
  • Хурдан торомны уралдаанд Төгрөг сумын тэмээчин н.Чулуунбаатарын улаан тором түрүүлэв
  • Атан тэмээний уралдаанд Төгрөг сумын тэмээчин Ж.Намсрайжавын улаан ат түрүүлэв
  • Тэмцээний “Сайхан хос”-оор Гучин-Ус сумын 2 дугаар багийн тэмээчин Ж.Цэдэндамба, Б.Чанцалгялбий нар шалгарсан.
  • Шагай шүүрэх тэмцээнд Төгрөг сумын тэмээчин Б.Нямбат тэргүүлэв.

Мөн Өвөрхангай аймгийн тэмээчдийн “Монголын хоолой” холбооны “Цол олгох тухай” журмын болзлыг хангасан Богд сумын тэмээчин Б.Эрдэнэбилиг тэргүүтэй нэр бүхий 6 тэмээчинд “Аймгийн алдарт тэмээ уяач” цолыг олголоо.

 

Гэрэл зургийг С.Чинбат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top