ХЭНТИЙ: Аймгийн Засаг дарга Ус цаг уурын төвд ажиллалаа

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 09

Аймгийн Засаг дарга Н.Ганбямба, БОАЖГ-ын дарга Б.Дархантөр, аймгийн ЗДТГ-ын ХБХОТХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ нар Ус цаг уурын орчны шинжилгээний төв (УСУОШТ)-д ажиллалаа. Хэнтий аймгийн Ус цаг уурын орчны шинжилгээний төв нь урьдчилсан мэдээний чанар  дамжуулалтаараа улсдаа эхний тавдугаар байр эзэлдэг, 2018 онд урьдчилсан мэдээний салбар нь 21 аймгаас дэд байранд, Нисэхэд үйлчилж байгаа үйлчилгээгээр 18 аймгаас тэргүүлсэн сайн мэдээтэй угтлаа. Энэ өвөл аймгийн ихэнх нутгаар хурд тунадас тааруу, мал ундгүйдэх нөхцөл байдал үүсч болзошгүйг анхааран, малаа хэрхэн ундаалах, малчиддаа ямар зөвлөмж хүргэх талаар талууд зөвшилцлөө. Түүнчлэн Засаг дарга бэлчээрийн судалгааны цэгийн байршил,  бэлчээрийн даац, багтаамж, цаг агаарт зориудаар нөлөөлөх ажиллагаа, лабораторийн үйлчилгээтэй танилцлаа. Энэ нэгдүгээр сард олон жилийн дунджаас хүйтний эрч сулрах төлөвтэй, дулаахан байхыг УЦУОШТ-өөс мэдэгдлээ.

 

Аймгийн УЦУОШТ нь жил бүр улсын төсвийн 40 сая төгрөгөөр 100 ширхэг пуужин авч, цаг агаарт зориудаар нөлөөлөх ажиллагаа явуулдаг аж. Өнгөрсөн жилийн зургаадугаар сард буудайн бутлал ба гололтын үед үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг амжилттай явуулснаар Хэнтий аймаг тариалангаа алдалгүй, 2017 оныхоос гурав дахин их ургац хураан авсныг аймгийн Засаг дарга сайшааж, УСУОШТөвд агаарын тоосонцор шинжлэх багаж гардуулан өглөө.

 

Ус цаг уурын төв 2012-2014 онд бэлчээрийн даацын судалгаа хийж, 84 цэгийг тогтоон, жил бүрийн 8 дугаар сарын 10-20-ны өдрүүдэд бэлчээрийн даац, багтаамжаа тодорхойлж харьяа газартаа мэдээллэдэг, цаг уурын 8 станцтай, станц бүрт таван мэргэжилтэн ажиллаж байна. Цаг уурын төв нь цаг уурын нэгдсэн сүлжээг ашиглан дотоодын болон дэлхийн цаг уурын төвүүдээс дамжуулж буй мэдээллийг хүлээн авч боловсруулах төр захиргааны болон аж ахуйн нэгж байгууллага, хөдөөгийн малчдад богино болон урт хугацааны мэдээ мэдээллээр хангах, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд хүргэх, иргэний агаарын тээврийг цаг агаарын мэдээллээр хангах үүргийг хүлээн ажилладаг байна.

khentii.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top