Хэнтий аймгийн Хэрлэн сумын Булаг багийн төв ашиглалтад орж, үйлчилгээгээ үзүүлж эхэллээ. Тус 320 м.квадрат талбай бүхий хоёр давхар барилгыг орон нутгийн хөгжлийн сангийн 260 гаруй сая төгрөгөөр “Тулга констракшн” ХХК барьжээ. Тус төвд Хэрлэн сумын хоёрдугаар баг, “Хэрлэм дом” өрхийн эрүүл мэндийн төвөөс гадна, хоёрдугаар багийн залуучуудын зөвлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл, ахмадын зөвлөл, хэсгийн байцаагч нар ажил, үйлчилгээгээ тогтмол явуулах боломжтой болж байгаа юм.
Баг бол төрийн үйлчилгээ иргэдэд хүрэх анхан шатны нэгж. Хэрлэн сумын Булаг буюу хоёрдугаар баг нь 20360 га газар, 1258 өрхийн 3763 хүн амтай аймгийн төвд байрлах томоохон багийн нэг юм. Багийн шинэ төв баригдснаар төрийн үйлчилгээ, эрүүл мэндийн анхан шатны тусламж, эмчилгээг чирэгдэлгүй хүргэх нөхцөл бүрдэж байгааг багийн хөгжлийн төв, өрхийн эмнэлгийн шинэ байраар үйлчлүүлсэн иргэд онцолж байлаа.
Багийн хөгжлийн төвийн нээлтийн үеэр аймгийн Засаг дарга Н.Ганбямба 10 сая төгрөгийн үнэ бүхий явуулын амбулатори гэгддэг эмнэлгийн явуулын үйлчилгээний мобайл технологи бүхий багаж, тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.
Сэтгэгдэл ( 0 )