Арвайхээр сумын Засаг дарга О.Пүрэвдорж сумынхаа Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн удирдлага, ажилчидтай өнгөрсөн долоо хоногт уулзлаа. Уулзалтаар Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудтай танилцаж, Арвайхээр сумын иргэдэд хүргэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд хэрхэн ажиллах талаар санал солилцов. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай учраас ачаалал ихтэй байдаг байна. 2016 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Арвайхээр сумын Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгуудыг шинээр барьж, ажлын ая тухтай орчинг бүрдүүлсэн юм. Мөн өнгөрсөн онд орон нутгийн 50 сая төгрөгийн төсвөөр 14 нэр төрлийн 78 ширхэг тоног төхөөрөмжийг олгосноор хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх боломж харьцангүй сайжраад байна.
О.Пүрэвдорж дарга уулзалтынхаа үеэр мэргэжлийн боловсон хүчний дутуу орон тоог гүйцээн авч ажиллуулах, эмч ажилчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, зөвлөн туслах чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлэв. Арвайхээр суманд Нарны дөш, Уянсэтгэл, Түшиг дөлгөөн хэмээх гурван өрхийн эмнэлэг үйл ажиллагаа явуулж, сумын 30 гаруй мянган иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ хүргэж байна.
Сэтгэгдэл ( 0 )