ӨВӨРХАНГАЙ: Богд сум 40 жилийн дараа “Мөнгөн буйл” шагнал хүртлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 21

Өвөрхангай аймгийн Богд суманд энэ сарын 19-ний өдөр түмэн тэмээний баяр боллоо. Өнгөрсөн 2018 онд 10635 тэмээ тоолуулсан байна. Иймд түмэн тэмээтэй болсны баяраа ийнхүү зохион байгууллаа. Богд сум 1979 онд 12 мянган тэмээ тоолуулж Засгийн газрын шагнал "Мөнгөн буйл" хүртэж байсан бол 40 жилийн дараа дахин нэр хүндтэй шагналын болзлыг биелүүлжээ. Тус сумынхан "Түмэн тэмээний баяр"-аа сумаас төрөн гарсан “отгон” баатар болох Д.Жанцангийн нэрэмжит болгон зохион байгуулсан бөгөөд баярт сумын тэмээчдээс гадна зэргэлдээ сумд, Өмнөговь, Баянхонгор аймгийн тэмээчид олноор ирж оролцсон юм.

 

Баярын үеэр гурван насны тэмээ уралдаж, эртнээс нүүдэл суудал хийх, хол замд жин тээхэд хамгийн найдвартай унаа болж ирсэн тэмээнд ачлага хэрхэн тааруулахыг сорьсон тэмцээн зохион байгуулж, зүс ижил сайхан тэмээгээр гоёсон хосуудыг шалгаруулснаараа онцлог байлаа.

 

Дашрамд сонирхуулахад, Богд сумаас Монгол Улсын хөдөлмөрийн баатар тэмээчин дөрөв төрсөн байна. Д.Цэрэнпунцаг 1969 онд, н.Инов 1979 онд, Д.Жанцан 1989 онд Монгол Улсын хөдөлмөрийн баатар тэмээчин болж байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top