БАЯНХОНГОР: Өлзийт суманд 100 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 24

Баянхонгор аймгийн Өлзийт сумын хуучин цэцэрлэг 1972 онд баригдаж байсан ба 2013 онд тус барилгыг "Ашиглаж болохгүй" гэсэн Мэргэжлийн хяналтын газрын акт гарч байжээ. Ингээд тус сумын хүүхэд багачуудын зөв хөгжил төлөвшлийг эрүүл стандарт орчинд явуулахын тулд шинэ цэцэрлэг байгуулах хүсэлтээ сум орон нутгийн удирдлагаас холбогдох газруудад удаа дараа тавьж байсан байна. Улмаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын дэмжлэгтэйгээр 2018 онд Өлзийт сумын цэцэрлэгийг концессын гэрээгээр шинэчлэн барих ажлыг эхлүүлсэн юм. Тус цэцэрлэгийн барилгыг өнгөрсөн оны 6 дугаар сараас “Жишиг Бетон” ХХК 1,2 тэрбум төгрөгийн төсвөөр барьж өнөөдөр  байнгыг ашиглалтад хүлээлгэж өглөө.


Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ИТХ-ын нарийн бичгийн дарга Т.Эрдэнэбат, ИТХ-ын төлөөлөгч Г.Хоролсүрэн, Өлзийт сумын ИТХ-ын дарга С.Гонгор, Засаг дарга Д.Цэдэнсодном болон тус сумын иргэд, хөдөлмөрчид оролцлоо. Цэцэрлэгийн дотоод тохижилтод аймгийн ЗДТГ зэрэг төрийн байгууллага, бизнесмэн, нутгийн олон тодорхой дэмжлэг үзүүлжээ.


Өлзийт суманд нутгийн удирдлагын ордон, 100 хүүхдийн цэцэрлэг гэсэн томоохон хэмжээний хоёр бүтээн байгуулалтын ажил 2018 онд ашиглалтад орсон бол 2019 онд ч тус суманд 240 хүүхдийн лаборатори сургууль, эрүүл мэндийн төвийн өргөтгөл барилга, 7.4 га талбайд ариун цэвэр, хорио цээрийн дэглэм бүхий мах боловсруулах үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ.



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top