ТОМИЛОЛТ: Архангай аймгаас 19 малчин “Алтан төлийн эзэн”-ээр тодорлоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 02 сарын 04

Сар шинийн өмнөхөн буюу гахай жилийн босго дээр Архангай аймгаас “Улсын аварга малчин” зургаа, “Улсын аварга саальчин” нэг, “Улсын аварга фермер” нэг, “Алтан төлийн эзэн”-ээр 19 хүн тодорлоо. Тэдэнд төрийн цол, тэмдгийг нь өнгөрсөн амралтын өдрүүдэд гардуулж өглөө.

 

Тухайлбал, хэдхэн хоногийн өмнө БСШУС-ын сайдаар томилогдсон Ё.Баатарбилэг гишүүний нэр дэвшин сонгогдсон тойргоос “Алтан төлийн эзэн”, “Аймгийн аварга малчин” дөрөв төрлөө.

 

 

-Э.ӨСӨХБАЯР: АРХАНГАЙЧУУД ТҮҮХЭНДЭЭ 5.6 САЯ ТОЛГОЙ МАЛ ТООЛУУЛЛАА-

 

 

Архангай аймгийн ИТХ-ын дарга Э.Өсөхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймгийн Цахир, Эрдэнэбулган суманд ажиллаж, “Аймгийн аварга малчин” болон “Алтан төлийн эзэн”-дэд цол, тэмдгийг нь гардуулж өглөө.

 

Тэрбээр энэ үеэр  “Монгол Улсын Ерөнхийлөгчийн таван удаагийн зарлигаар Архангай аймгийн 19 сумаас 302 хүн төрийн дээд одон медалиар шагнагдлаа. Мөн гавьяат цолтон хоёр тодрон гарсан сайхан жил болж өнгөрч байна. Харин мал сүргээ таван төрөлд нь өсгөж, үржүүлсэн малчдаа төр, засагтаа үнэлүүлсэн сайхан жил болж байна.

 

Архангай аймаг түүхэндээ 5.6 сая толгой мал тоолууллаа. Үхэр, хонь, адуун сүргийнхээ тоогоор улсдаа тэрүүллээ. Энэхүү малчдын минь ажил, хөдөлмөрийг үнэлж төр, засгаас Улсын аварга малчин цолоор зургаан хүнийг, Улсын аварга саальчин цолоор нэг хүнийг, Улсын аварга фермер цолоор нэг хүнийг, Алтан төлийн эзнээр 19 хүнийг шагнаж байна” хэмээн ярилаа.  

 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 

 

-“АЛТАН ТУГАЛЫН ЭЗЭН”-ЭЭР ТОДОРСОН Ж.НАМСРАЙЖАВЫНХ 1200 ТОЛГОЙ МАЛ ТООЛУУЛЖЭЭ-

 

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон нэгдүгээр багийн малчин Ж.Намсрайжав “Алтан тугалын эзэн”-ээр тодорлоо. Өнөө жил МҮОНРТ-ээс 46 дахь жилдээ тодруулж байгаа “Алтан төлийн эзэн”-ээр Архангай аймгаас 19 малчин тодорч байна.

 

Түүний нэг болох Хөдөлмөрийн баатар Жамъяангийн хүү Намсрайжав юм. Тэрбээр эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Бага сургуулийн хүүхэд байхаасаа л мал маллажээ. Энэ жил 1200 гаруй толгой мал тоолуулсан бөгөөд 240 гаруй төл хүлээж авах аж.

 

Тэрбээр “Би эцэг, эхээсээ 10-лаа. Багаасаа л мал дээр гарч, мал малласан. “Алтан тугалын эзэн”-ээр тодорсондоо баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 

 

 

-"АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН" БОЛСОН Ч.АСАРБАТ 1988 ОНООС МАЛ МАЛЛАЖ БАЙНА-

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын зургадугаар багийн малчин Ч.Асарбат "Алтан төлийн эзэн"-ээр тодорлоо. Тэрбээр эхнэр Б.Ариунтуяатайгаа 1997 онд гэр бүл болжээ. Харин 1988 оноос эхэлж мал маллаж, малч ухаанд суралцсан байна. "Алтан төлийн эзэн"-ээр тодорсон Ч.Асарбат 2011 онд мянгат малчинаар тодорч байжээ. Тэрбээр "Маш их баяртай байна. Энэхүү шагнал бол улам их хариуцлага гэж бодож байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 

 

-АРХАНГАЙН АЙМГИЙН ЭРДЭНЭБУЛГАН СУМ 200 МЯНГА ГАРУЙ ТОЛГОЙ МАЛ ТООЛУУЛЖЭЭ-

 

Харин Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга Ж.Гурвантамир хэлэхдээ "Манай сум аймгийн төвтэйгээ ойрхон. Гэхдээ энэ жил 200 мянга гаруй толгой мал тоолууллаа. Бид малынхаа тоонд биш чанарт их анхаарч байна. Учир нь, бэлчээр их хомс байдаг" гэв.

 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top