Айсуй сонгуулийн өмнөх “ИХ СУНГАА” буюу Хэнтийн нөхөн сонгууль

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 12

УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймагт нөхөн сонгууль явуулах ажил хойшилж, чамгүй хугацаанд маргаан дагуулж Үндсэн хуулийн цэц хүртэл явсан. Маргааны гол асуудал нь УИХ-ын чуулганы /2018.06.14/ хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг бүрэн эрхээс нь чөлөөлсөн атал өнөөдрийг хүртэл  42 дугаар тойргийн сонгогчид Төрийн эрх барих дээд байгууллагад төлөөлөлгүй байгаа гэх халхавчин цаана улс төрийн зодоон байсан юм. Нөгөө талаар өрсөлдөхийн дон шүгэлсэн жижиг намын төлөөллүүд шахалт үзүүлсэн нь маргаан дагуулах бас нэгэн асуудал болж байна.

 

Харин УИХ-ын нохой жилийн сүүлчийн чуулганы /2019.02.02/ хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Тэгэхээр хуульд тусгаснаар ирэх зургаадугаар сарын сүүлийн долоо хоногт Хэнтий аймагт нөхөн сонгууль болно гэсэн үг. Гэтэл  Хэнтийд нөхөн сонгууль явуулах шийдвэр гарахтай дөрөө харшуулан горилогчдын нэрс санаатай санамсаргүй цахимаар цухалзаж эхэлжээ.

 

Эх сурвалжийн зүгээс Сар шинийн баяр хөөр дундуур “Нөхөн сонгуульд хэнийг дэмжих вэ?” гэсэн судалгаа Хэнтий аймагт амар мэндтэй зуузай холбон явагдаж байгааг дуулгасан. Энэ нь МАХН-ын зүгээс явуулж байгаа тандалт бөгөөд сонгуулийн кампанит ажил эхэлснийг харуулж байна гэх хардлага ч байгаа юм.

 

Хэнтий аймаг бол эртнээсээ МАН-ын дархалсан тойрог бөгөөд нөхөн сонгууль явуулах 42 дугаар тойргийг ч МАН-ын гишүүн төлөөлж байсан. Улс төрийн ууган хүчин нөхөн сонгуульд өрсөлдөх сонирхолгүй байгаа ч нэр дэвшигчээ илгээхээс өөр аргагүй. Учир нь суудлаа хамгаалж үлдэхээс гадна, айсуй 2020 оны сонгуулийн өнгө, рейтэнгийн нэгэн хэмжүүр энэ сонгуулиас шууд харагдана. Нөхөн сонгуулийг наадмын өмнө болж байгаа их сунгаа гэж ойлгож болно. Тэгэхээр ах намынхан хамгийн найдвартай “дүр”-ийг энэ тойрогт илгээхээс өөр аргагүй. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол 2020 оны сонгуулийн өмнөх жилийн нөхөн сонгуульд “би” хэмээн гараа өргөөд гүйчих нөхөд тийм ч олонгүй байгаа. Хамгийн боломжит дүр бол Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа Н.Ганбямба гэдгийг хэллээ. Олны таамаглаж байгаа шиг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өрсөлдөхгүй бололтой. Түүний Хэвлэлийн төлөөлөгч /2018.07.05/  “У.Хүрэлсүх сайд нэр дэвшихгүй гэдгээ хэлсэн, өөр шийдвэр гаргаагүй байгаа. Намын хувьд өөрийн дүрэм, журмын дагуу нэр дэвшигчээ тодруулах болов уу” хэмээн байр сууриа хэвлэлээр илэрхийлсэн нь бий. Нөгөө талаар улс орны эдийн засгийн таагүй нөхцөлд Гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажиллаж байгаа хүн сонгуульд өрсөлдөөд явах зав зай ч байхгүй биз, зүйд ч нийцэхгүй биз. Тэгэхээр Ерөнхий сайд  нэр дэвшихгүй гэсэн үг.

 

Харин цэнхэр намаас сонирхол бүхий олон нөхөд байгааг эх сурвалж дуулгасан. Юуны өмнө Хэнтий аймагт хоёр ч удаа өрсөлдөөд өвдөг шороодсон М.Хүдэрбаатар ихээхэн сонирхолтой байгаа бол 2016 онд 42 дугаар тойрогт өрсөлдөөд өвдөг шороодсон Ж.Оюунбаатарыг “Нэг мөр шороогоо цэвэрлэх арга бод” хэмээн намаас нь үүрэгдсэн гэх сураг байгаа. Гэтэл орон гарсан энэ тойрогт АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнайг МАН-ын удирдлагууд илгээх сонирхол байгааг ч хэлсэн. Өнөөдрийн тухайд гэвэл УИХ-д бүлэггүй болчихоод байгаа С.Эрдэнэд нэг суудал юу юунаас үнэтэй байгаа нь ойлгомжтой. Хэдийгээр АН-ын удирдлагууд нөхөн сонгуульд зүтгэж байгаа ч онилсон нөхөд нь тийм ч дуртай бус байгаа аж.

 

Гэтэл нөхөн сонгуулийг хамгийн ихээр сонирхож буй жижиг намууд олон бий. Тэр дундаа МАХН бол туйлын сонирхолтой байгаа. Энэ намаас суудал чирээд ирэх магадлалтай нөхөд цөөнгүй байгааг үгүйсгэх аргагүй. Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга С.Ганбаатар гээд магадлал бүхий нөхөд бий. Тэр тусмаа улстөрийн гортигоны цаана арваад жил гудамжны улс төр хийж байгаа Н.Энхбаяр нэг ч гэсэн хоногийн өмнө их улс төрд хөл тавих туйлын хүсэлтэй байгааг надаар хэлүүлэх юун. Энэ тухайд МАХН-ын дэд дарга С.Ганбаатар хэлэхдээ 2018.08.21 “Хэнтийн нөхөн сонгуульд Н.Энхбаярыг нэр дэвшүүлнэ гэж би бодож байгаа. Дэвших байх. Гэхдээ намын эрх бүхий байгууллагаас хэн нэр дэвшихийг шийддэг” хэмээсэн. Н.Энхбаяр өөрөө хүсч гэмээнэ юун “намын эрх бүхий байгууллагын шийдвэр” вэ. Хувийнхаа намаас өөрөө дэвшинэ үү, өрөөлийг дэвшүүлнэ үү зөвхөн түүний дурын хэрэг. Тэгэхээр олон жил улс төрийн талбараас хол “тарчилсан” Н.Энхбаяр өөрөө өрсөлдөх өндөр магадлалтай.

 

Мэдээжийн хэрэг, бусад жижиг намууд бол  ялах эсэх нь хамаагүй таних танихгүй нэр дэвшигчдээ илгээж таарна. Ямартай ч айсуй 2020 оны сонгуулийн өмнө бол буй нөхөн сонгууль нь их сунгаа бөгөөд энэ сунгаанд өнгөлсөн нэр дэвшигч их наадамд түрүүлэх нь дамжиггүй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.160.39) 2019 оны 02 сарын 12

Enhbayar gej neg hvn hanag muuhai bvhnii ehleliig tabidan l geh yum vnen hudal ni chuham yu yum bol doo

0  |  0
Top