“Тэмээ тэнгэрийн амьтан - 2019” говийн бүсийн тэмээчдийн баяр 16 дахь жилдээ Баянхонгор аймгийн Жинст суманд энэ сарын 11-13-ны өдрүүдэд зохиогдож байна. Тэмээн сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, тэмээчид, малчдын туршлага солилцуулах, тэдний хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах, аялагч жуулчдыг татах зорилготой энэхүү арга хэмжээг Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэндэлсний 380 жилийн ойн хүрээнд зохиож байгаа аж. Ерөнхий ивээн тэтгэгчээр Баянхонгор аймгийн ЗДТГ, “Баялаг өлзий” ХХК хамтран ажиллаж байна. Энэхүү зөвлөгөөн, наадамд Баянхонгор аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, аймгийн Хөдөө аж ахуйн газар, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Тэмээчдийн холбоо, сумдын ЗДТГ, тэмээчид, малчид, УИХ-ын гишүүд, ХХААХҮЯ-ны болон эрдэмтдийн төлөөлөл, тус аймгийн хил залгаа Өвөрхангай, Өмнөговь, Говь-Алтай аймгийн удирдлага, мэргэжилтнүүд, тэмээчид оролцож байна.
Тэмээчдийн зөвлөгөөний үеэр тэмээний гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа явагдаж байна. Зөвлөгөөн, наадам бага насны тэмээний уралдаанаар эхэлсэн бөгөөд тэмээн парад, шилмэл буур, шилмэл ингэ, сайхан тэмээтэй ганган хос, буйл зорох, бурантаг томох зэрэг тэмцээн уралдаан болж байна. Мөн Тэмээчдийн зөвлөгөөнөөр ногоон алт, малын эрүүл мэнд төслийн сургалт, тэмээ, тэмээчин говь нутгийн тухай дуу, хөгжим, бүжиг, ерөөл магтаал, ардын аман зохиол зэрэг уран бүтээлийн тэмцээнээр үргэлжилнэ.
Өнөөдөр үндэсний урлагийн их театрын уран бүтээлчдийн тоглолт болно. Тоглолтод МУГЖ С.Цогтсайхан, Д.Ширмэнтуяа, МУСТА Б.Батмэнд, Д.Амаржаргал, Ц.Дашцэрэн, Ц.Шинэбаяр, хуурч В.Батзориг (Хөсөгтөн хамтлагийн хуурч) нар тус тус оролцож, ая дуугаа өргөх ажээ.
Сэтгэгдэл ( 0 )