ОРОН НУТАГ: Хаваржилт ХҮНДРЭХ ТӨЛӨВТЭЙ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 15

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Онцгой байдлын ерөнхий газраас томилогдсон ажлын хэсгүүд өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр танилцаж байгаа билээ. Энэ жил ихэнх нутгаар цас ороогүйн улмаас мал усгүйдэж, малчид малаа 3-5 км газар туун худгаас усалж байгаа бол баруун бүсийн зарим аймагт цас ихтэй байгаагаас малын өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй байгааг салбарын яам, орон нутгийн малчид анхааруулан, ярьж эхэллээ.

 

Тухайлбал, Увс аймгийн Өлгий, Өмнөговь, Тариалан зэрэг сумдад арваннэгдүгээр сард болсон хүчтэй шуурганы улмаас бэлчээр дэх сул өвс хийсч, 12, 1, 2 дугаар сард удаа дараа орсон цасны улмаас мал бэлчээрлэх боломжгүй болж өлдөх, хүйтний эрч 35-45 хэмд хүрснээс осгож бээрэх, зарим малчид хаваржааны бууринд буусан тул өтөг бууц муутайгаас мал хэвтэртээ хайрагдах байдалтай байгаа юм.

 

2019 оны хоёрдугаар сарын 1-ний байдлаар цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгийн ихэнх нутаг, Говь-Алтай аймгийн өмнө болон хойд хэсгээр, Архангай, Дорнод, Сүхбаатар аймгийн зүүн, Төв аймгийн хойд, Өвөрхангай, Хэнтий аймгийн зарим газраар 1-21 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увс аймгийн Зүүнговь суманд 21 см, Малчин суманд 18 см, Баруунтуруун суманд 17 см, Хяргас суманд 17 см, Хөвсгөл аймгийн Хатгал суманд 15 см, Завхан аймгийн Баянтэс суманд 14 см, Улиастай суманд 12 см зузаан цастай байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top