Орон нутгийн удирдлагууд Төрийн ордонд чуулж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 21

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил" болгон зарласантай холбоотойгоор өнөөдөр /2019.02.21/ “Орон нутгийн удирдах ажилтны зөвлөгөөн -2019”-ийг Төрийн ордонд зохион байгуулж байна. Улсын зөвлөгөөнд төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг 21 аймаг, 330 сум, нийслэл, дүүрэг, хороодын Засаг дарга нар оролцож байна.

 

Орон нутгийн удирдах ажилтны зөвлөгөөн маргааш өндөрлөх бөгөөд “Төрийн албаны шинэчлэлийн талаар болон Засгийн газрын 2019 оны хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, худалдан авах ажлын зохион байгуулалт”, “Эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн бодлого, зорилт”, “Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл”, “Төрийн үйлчилгээг цахимжуулах, нэгдсэн сүлжээг нэвтрүүлэх, гүйцэтгэл үр дүнг үнэлэх журмын тухай”, “Батлан хамгаалахын хууль, тогтоомж" зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх зөвлөгөөнийг хээж хэлсэн үгэндээ “Өнгөрсөн онд гадаад худалдаа 7 тэрбум ам.долларт хүрч, сүүлийн 8 жилд анх удаа төсөв ашигтай гарч, дотоодын нийт бүтээгдэхүүн 12 их наяд төгрөгт хүрлээ. Монгол Улсын зээлжих зэрэглэл олон улсад ахисан. Инфляци 8.5 хувьтай байна. “Чингис”, “Самурай” бондын болон бусад 6.5 их наяд төгрөгийн өрийг дарж, өрийн дарамтаас гарлаа. Валютын нөөц 3.4 тэр бум ам.долларт хүрлээ. Ажилгүйдлийн түвшин 6.4 хувьд хүрч хамгийн бага түвшинд хүрсэн. 85.7 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа хэвийн явуулж, өнгөрсөн онд 7.0 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа сэргээлээ. Улсын өрийн тааз 74.4 хувь байснаас 60.1 хувь болж буурлаа. “Таван толгой” ХК 720 тэрбум, “Эрдэнэт” үйлдвэр 620 тэрбум төгрөгийн ашигтай ажиллалаа. Эдийн засаг сэргэж байна. Тооцоо судалгаагүй, төрийн албаны хүнд суртал, авилга хээл хахууль хэрээс хэтэрснээс, тогтвортой бодлого явуулаагүй, уул уурхайгаас хэт хараат байснаас, гадаадын хөрөнгө оруулалтыг үргээсэн зэргээс эдийн засаг унасан байсныг сүүлийн хоёр жилд засч залруулж хэвийн хэмжээнд хүргэлээ. Одоо бүгд ажлаа сайн хийж ажилгүйдэл, архидалт, гэмт хэрэг гэсэн хөгжлийн саадуудыг арилгах ёстой. Эрүүл хүнсээр ард түмнээ хангах, гаднаас хүнсээ импортлохыг багасгаж, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх хэрэгтэй. Уул уурхайгаас гадна аялал жуулчлал бусад салбарыг анхаарах, цахилгаан эрчим хүчээр өөрсдийгөө хангах, нефтийн үйлдвэр, зам тээврийн сүлжээг сайжруулах, мэдээлэл технологийг хөгжүүлэх, бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжих хэрэгтэй. Хоёр хөрш рүүгээ газар тариалан, хөдөө аж ахуй, уул уурхайн бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингээж экспортлох шаардлагатай” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top