ДЭЛХИЙ ДАХИНЫ ТОЙМ: АНУ, БНХАУ тохиролцоонд хүрлээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 24

Энэ долоо хоногт АНУ, БНХАУ валют зохицуулалтын талаар эцсийн тохиролцоонд хүрлээ.

АНУ-ын сангийн сайд Стивен Мнучин Вашингтонд энэ долоо хоногт Хятадын төлөөлөгчидтэй хийсэн ээлжит хэлэлцээний үеэр валютын зах зээлийг зохицуулах чиглэлээр эцсийн тохиролцоонд хүрлээ гэж мэдэгдэв. Түүний хэлснээр, талууд ихээхэн дэвшилд хүрсэн бөгөөд Хятадын төлөөлөгчдийн айлчлалын хугацааг хоёр хоногоор уртасгажээ. Хятадын төлөөлөгчдийг БНХАУ-ын шадар сайд Лю Хэ тэргүүлсэн юм.

АНУ, БНХАУ хоёр худалдааны ээлжит хэлэлцээрийг хоёрдугаар сарын 19-нд эхэлж, мөн сарын 21-нээс илүү өндөр хэмжээний уулзалтуудаар үргэлжлэв. Хөрөнгө оруулагчид талууд урт хугацааны худалдааны хэлэлцээр байгуулж, энэ оны гуравдугаар сарын 1-нээс гаалийн татварыг нэмэгдүүлэхээс зайлсхийж чадна гэж найдаж байна.


Тус хоёр улс ойрын ирээдүйд худалдааны гэрээ байгуулах нь эргэлзээтэй байна. Үүний оронд Бээжин, Вашингтон хоёр хөдөө аж ахуй, тарифын бус саад, үйлчилгээ, технологи дамжуулалт, валютын зохицуулалт болон оюуны өмчийн зэрэг салбарыг хамарсан зургаан харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна. “Санамж бичгүүдээр Хятад улс тодорхой үүрэг хүлээнэ”. Гурван сарын яриа хэлэлцээгээр Вашингтоны хүрсэн үр дүн зөвхөн энэ гэж Цагаан ордны эх сурвалж Ройтерс агентлагт мэдээлжээ.

Дональд Трамп болон бусад өндөр албан тушаалтнууд Хятад улс буулт хийхэд бэлэн байна гэж нэг бус удаа ярьж байсан ч сүүлийн хэдэн хоногт тэдний ярианы өнгө аяс илт өөрчлөгдөв. АНУ-ын Ерөнхийлөгч Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулах гаалийн татварыг нэмэгдүүлэх хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах тухай мэдэгдэв. “Хятадад үйлдвэрлэв-2025” өндөр технологи хөгжүүлэх хөтөлбөрийг зогсоохыг шаардаж байсан Вашингтон энэ талаар сүүлийн өдрүүдэд огт дуугарсангүй. Үүний оронд урьд өмнө нь яригдаж байгаагүй юанийг сулруулах бодлогоос татгалзахыг Бээжингээс шаардаж эхэлсэн. Нөхцөл байдлаас үзвэл Бээжин өөрт чухал асуудлууд дээр буулт хийсэнгүй. Хөдөө аж ахуйн санамж бичгийн тухайд Бээжин шар буурцаг зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортын хэмжээг нэмэгдүүлэх амлалт өгчээ.

Bloomberg агентлагийн мэдээлж буйгаар, талууд Хятад улс АНУ-аас худалдан авах барааны жагсаалт дээр ажиллаж байгаа бөгөөд үүнд эрчим хүчний эх үүсвэр, эрчим хүч дамжуулах төхөөрөмж зэрэг орох гэнэ. Энэ нь худалдааны санамж бичигт тусах юм.

 

-Венесуэлд эрх мэдлийн төлөөх дайн үргэлжилсээр байна. Баасан гарагт /2019.02.22/ сөрөг хүчний тэргүүн, Үндэсний ассамблейн дарга Хуан Гуаидо Колумбын Кукута хотод  хүрэлцэн очив. Тэрбээр Латин Америкийн хэд хэдэн улс орны төрийн тэргүүн нартай уулзаж, Венесуэлд зориулан зохион байгуулсан хүмүүнлэгийн тусламжийг дэмжих концертод оролцов.  Венесуэлийн эрх баригчид Колумб улсад цуглуулсан хүмүүнлэгийн тусламжийг оруулахыг зөвшөөрөхгүй байгаа хэдий ч сөрөг хүчнийхэн бямба гарагт тусламжийг хилээр оруулахыг төлөвлөж байна.

Энэ үеэр Венесуэлийн эрх баригчид Колумбын хил залгаа гурван гүүрэн гарцыг түр хугацаанд хаах шийдвэр гаргав. Түүнчлэн, Бразил улстай залгаа хил болон усан хилээ хаагаад байгаа юм. Хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлэх үүднээс Бразилтай залгаа хилийг хаахыг эсэргүүцсэн хүмүүс рүү Венесуэлийн цэргийнхэн гал нээсний улмаас хоёр хүн амиа алдаж, 15 хүн шархадсан хэрэг гарсан юм.

 

-Хойд Солонгос, АНУ энэ сарын 27-27-нд болох АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтад бэлтгэх ажлын хүрээнд тус уулзалтаас гарах хамтарсан мэдэгдлийг төслийг боловсруулж байна. Энэ сарын эхээр Пёньян хотноо болсон ажлын хэсгийн түвшний яриа хэлэлцээгээр талуудын байр суурийг нотолсон бол энэ долоо хоногийн хэлэлцээ цөмийн зэвсгээс ангижрах явц, авах арга хэмжээг нарийвчлан тодорхойлжээ.

Ройтерс агентлагийн мэдээлж буйгаар Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун хоёрдугаар сарын 25-ны өдөр Ханой хотноо хүрэлцэн ирж, Вьетнамын Ерөнхийлөгч, Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонгтой уулзалт хийнэ. Өнгөрсөн оны зургадугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаасаа өмнө Ким Жон Ун Сингапурын Ерөнхий сайдтай мөн уулзалт хийж байжээ.

Хойд Солонгосын Төрийн хэргийн комиссын захирал Ким Чанг Сон болон АНУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Дэниэл Уолш нар Ханой хотноо хоёрдугаар сарын 16-ны өдөр хүрэлцэн ирж, дээд хэмжээний уулзалтын зохион байгуулалт, протоколын асуудлыг тохиролцсон. Хойд Солонгосын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Стивен Биганы хэлснээр, ирэх дээд хэмжээний уулзалтаар 12 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөж байна. Үүнээс гадна, Хойд Солонгосын эсрэг тавьсан хориг арга хэмжээний талаар мөн ярилцах магадлалтай гэнэ.

-АНУ-ын Калифорни тэргүүтэй 16 муж улс АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Мексиктэй залгаа хил дээр хана барихад шаардлагатай хөрөнгө босгохын тулд онц байдал зарлах тухай шийдвэртэй холбогдуулан Дональд Трампын засаг захиргааг шүүхэд өгөв. Нэхэмжлэлийг Калифорни мужийн Хойд дүүргийн шүүхэд гаргажээ. Ардчилсан намынхан мөн энэхүү шийдвэрийг эсэргүүцэж байгаа юм. Конгресс хилийн ханын санхүүжилт олгохоос татгалзсаны дараа Дональд Трамп онц байдал зарлана гэж мэдэгдсэн билээ. Үүнтэй зэрэгцэн либерал өмгөөлөгчдийн бүлэг дархан цаазат газар болон Техасын гурван газрын эзний нэрийн өмнөөс мөн Дональд Трампын эсрэг шүүхэд хандсан байна. Тэдний эзэмшиж буй газар дээр хилийн хана баригдах гэнэ.

Өнгөрсөн баасан гарагт /2019.02.15/ Ерөнхийлөгч Дональд Трамп онц байдал зарласнаар тэрбээр найман тэрбум ам.долларыг хилийн ханын санхүүжилтэд зориулан цэргийн төсвөөс гаргах боломжтой болно гэж мэдэгдсэн. 3200 км урт хил дагуу баригдах ханыг санхүүжүүлэхэд нийт 23 тэрбум ам.доллар шаардлагатай байгаа гэж тэрбээр тодруулжээ. Үүнийх нь төлөө өөрийг нь шүүхэд өгнө гэдгийг Трамп хүлээн зөвшөөрсөн бөгөөд онц байдлын тухай асуудал нь Дээд шүүхэд очиж дуусна гэж таамаглаж байгаа аж.

-Энэ долоо хоногт Японы засгийн газар Япон үндэстний цөөнх болох айнучуудыг “уугуул” ард түмэн гэдгийг анх удаа хүлээн зөвшөөрч, ОХУ дэлхий орчмын тойрог руу жуулчдыг аялуулахаа зарлаж, Ирак улсад долоон ихэр хүүхэд төрж, БНХАУ-ын нийслэл Бээжин хот дахь Хориотой хотод дэнлүүний гэрэлд шөнийн цагаар үүдээ нээж, Samsung компани Samsung Galaxy S10+ брэндийн шинэ загвараа танилцуулсан зэрэг үйл явдлаар дүүрэн байлаа.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top