ТОМИЛОЛТ: Баянхонгороос Улаанбаатар хот руу тогтмол нислэг үйлдэнэ

Н.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 02 сарын 25

УИХ-ын дарга Г.Занданшатарын томилолтын бүрэлдэхүүнд ажиллаж байгаа УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Баянхонгор аймгийн тээврийн салбарынхантай уулзалт хийв. Тэрбээр Баянхонгор аймгийн Нисэх буудалд ажиллаж, холбогдох үүрэг даалгаврыг өглөө. Учир нь тус Нисэх буудал Улаанбаатар-Баянхонгор-Улаанбаатар чиглэлд тогтмол нислэг үйлдэж эхлэхээр төлөвлөж буй аж. Аймгаасаа 2,2 км зайтай баруун урд зүгт оршдог тус нисэх буудал нь Баруун 5 аймгийн запас буудал болдгоороо онцлог юм байна. Нисэх буудал нь 2.8 км урт, 35 метр өргөн, хөөрч буух зурвастай.

Баянхонгор аймгийн нисэх буудал нь 1956 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 25 хүнтэй, цаг агаарын ямар ч нөхцөл, өдөр шөнийн алинд ч нислэг үйлдэх боломжтой гэдгийг тус нисэх буудлын дарга Н.Баярхүү хэлж байв. Гэвч өнгөрсөн оны 1-4 сард л Аэромонголиа авиа компани тогтмол нислэг үйлдэж байгаад зогсоосон байна. Үүнээс хойш бага оврын онгоц тогтмол бус ирж, явсан аж. Өнгөрсөн оны хэмжээнд 15 удаагийн нислэгээр 18 зорчигч үйлчлүүлсэн нь тун хангалтгүй тоо гэдгийг Б.Энх-Амгалан сайд хэлж байв. Тус аймаг руу тогтмол нислэгтэй болох хүсэлт ихээр ирдэг учир 2, 3 удаагийн тендер зарлаж, тун удалгүй тогтмол нислэг үйлдэхээр ИНЕГ-т зохион байгуулж эхэлсэн байна. Гэхдээ татаастай нислэг үйлдэнэ гэдгийг салбарын сайд хэлэв. Үүнтэй холбогдуулж ажлын урсгалыг эрчимжүүлэх, хариуцлагыг нэмэгдүүлэх, зорчигч үйлчилгээг сайжруулахад шаардлагатай бүх арга хэмжээг авахыг нисэх буудлынханд үүрэг болголоо.

Мөн зорчигчийн урсгалын судалгааг яаралтай хийж яам, ИНЕГ-т ирүүлэхийг анхааруулав. Баянхонгорын чиглэлд Зорчигч тээврийн хоёр автобус компани үйлчилгээ хийж байгаа бөгөөд нислэгтэй болсноор авто тээврийн зохицуулалт, уялдаа холбоог хэрхэн хангах талаар судалж, зохион байгуулалт хийхийг тус салбарынханд даалгасан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top