ДАРХАН-УУЛ: Сайн туршлагаа аймгуудтай хуваалцлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 25

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн олон чухал арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн нь биеллээ олж, Дарханчууд бусад аймгийнхандаа сайн туршлагаа хуваалцлаа. Энэхүү зөвлөгөөний гол зорилго нь 2018 оны ажлын үр дүнгийн үзүүлэлтээр улсын хэмжээнд тэргүүн байр эзэлсэн Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагаатай танилцах, гэр бүл, залуучуудын хөгжлийг дэмжих, хүүхдийн эрхийн хэрэгжилт, хүүхэд хамгааллын үйлчилгээ, олон нийтийн оролцоо, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд бүх талын хамтын ажиллагааг дэмжсэн сайн туршлагыг үндэсний хэмжээнд дэлгэрүүлэхэд оршжээ.

Дарханчууд “Хүүхэд хөгжлийн ордон”, “Залуучууд хөгжлийн төв”, “Түр хамгаалах байр”, “Зулзагын гол” хүүхдийн зуслан, “Залуучуудын гэрэлт гудамж”, Олон улсын стандартад нийцсэн “Мини хөл бөмбөгийн талбай” зэрэг чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх, хөгжих, хамгаалагдах орчныг бүрдүүлж, шинэ ажлын байруудыг бий болгон бүтээлч санаачилгуудыг ажил хэрэг болгосон байна. Дархан–Уул аймагт хүүхэд хамгааллын үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх, орчин бүрдүүлэхэд бодитой ажлууд хийгдсэний нэг тод жишээ нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах, хамгааллын үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байр”-ыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар байгуулж, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгээр тохижуулан ашиглалтад оруулснаар тулгамдсан асуудлыг шийдвэрлэж чадсаныг 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн ГБХЗХГ-ын удирдлагууд онцолж байсан юм. 

Дархан хот 2019 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд энэ хүрээндээ 3 бүлэг, 46 заалт бүхий арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж эхлээд байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top