91 дэх удаагийн Оскарын наадам хамгийн олон буюу 10 номинацид "The Favourite", "Roma" кино нэр дэвшиж өрсөлдсөнөөрөө онцлог байв. "Green book" кино шилдгийн шилдгээр шалгарч, Альфонсо Куарон "Шилдэг найруулагч" шагналыг хүртэв. Таамаглаж байснаар жүжигчин Рами Малек "Шилдэг жүжигчин" номинацийг өөрийн болгож чадлаа. "Алтан бөмбөрцөг" наадмын шилдгийн эзэд энэ удаад ч мөн "Оскар"-аас нэг их зөрсөнгүй. "Оскар 2019" тоймыг хүргэе.
Улаан хивсний ёслолын эргэн тойронд
Дэлхийн кино урлагийн ертөнцөд хамгийн нэр хүндтэйд тооцогддог Академийн шагнал гардуулах ёслол буюу 91 дэх удаагийн Оскарын наадам өчигдөр /2019.02.25/ АНУ-ын Лос Анжелес хотын “Долби” театрт болж өндөрлөлөө.
Оскарын эргэн тойрон дахь олон сонин сайхнаас цаг тухайд нь манай сайт мэдээлсэн. Оскар 30 жилийн дараа дахин ямар ч хөтлөгчгүй үргэлжлэв. Мөн сүүлийн 30 жилд хараагүй сэтгэл догдлом амьд үзүүлбэрийг жүжигчин Брэдли Күүпер, дуучин Лэди Гага нар үзүүлсэн. Тэдний тухай ЭНД-ээс уншина уу.
Оскарын улаан хивсний ёслол наадмын нэг чухал хэсэг болох 91 дэх удаагийн наадамд ирсэн сонирхолтой зочид болон хамгийн өвөрмөц хувцаслалтаараа олны хараанд өртсөн оддын талаар ЭНД-ээс уншаарай. Оскарын наадмын шилдгүүдийн мэдээллийг ЭНД-ээс унших боломжтой.
Хүлээлт биелсэн нь: "Green book" ба "Roma"
Дэлхий ертөнц өдрөөс өдөрт, цаг минут тутамд улам смарт болж байгаа ч кино урлаг илүү "энгийн"-ийг бүтээж, хүний амьдарлын мөн чанар руу өнгийх оролдлого хийсээр байгаа нь энэ удаагийн Оскарын наадамд нэр дэвшсэн бүтээлүүдээс ч тод ажиглагдсан. Дахин давтагдашгүй хэв маяг бүхий дэлгэцийн бүтээлүүд жил ирэх тусам олширч буй нь сайшаалтай.
Наадмын “Оны шилдэг бүтээл” номинаци болон бусад шагналд “Roma”, “Green book”, “The Favourite” кинонуудыг хувьдаа онцолж байв. Тэгвэл Мексикийн найруулагч Альфонсо Куарон "Шилдэг найруулагч" хүртэж, "Roma" бүтээл нь 10 номинацид нэр дэвшиж, "Шилдэг гадаад хэл дээрх кино", "Шилдэг зураг авалт" шагналыг өөрийн болголоо. Амьдралд хоёр л үнэн өнгө бий. Гэвч бүхий л зүйл үнэнээс хэт алсарч байдгийн жишгээр бид хар цагаанаас илүүтэй эрээн мяраанд шунах болсон. Хэдий чинээ их тод байна, төдий чинээ гялалзана. Нэг талаар буруутгах аргагүй. Хар, цагаанаар киногоо хангалттай бүрэн илэрхийлж чадсан "Roma" энэ удаагийн гарцаагүй онцлох бүтээл байсан юм.
Харин “Оны шилдэг бүтээл”-ээр "Green book” шалгарлаа. "Green book" кинонд жүжигчин Вигго Мортенсен, Махершала Али нар гол болон туслах дүрийг бүтээсэн. Тиймээс ч киног үзэхээс өмнө итгэл, хүлээлт өндөр байв. Харин үзэхэд бодож байснаас хамаагүй энгийн бүтээл байсан нь киног үнэлэх үнэлэмжийг улам өсгөсөн гэж хэлж болох юм. Хэлбэрээс илүү агуулгад суурилж, 1960-аад оны АНУ-ын амьдралыг хурдны зам дээр өрнөх хэдхэн өдрөөр илэрхийлэн гаргаж ирсэн нь "Шилдэг кино зохиол" шагналыг тэдэнд авчирсан байх. Жүжигчин Махершала Али "Шилдэг эрэгтэй туслах дүр"-ийн шагналыг хүртэхэд хэн ч сэтгэл дундуур байсангүй. Тэр өөрийнхөө чадварыг "Green book”-ээр дахин нэг баталсан гэхэд хилсдэхгүй.
"Оскар"-т онцгойрогсод ба итгэл хүлээгсэд
76 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” наадмын шилдэг уянгын киногоор “Bohemian Rhapsody” шалгарч, гол дүрийг бүтээсэн Рами Малек "Шилдэг эрэгтэй гол дүр"-ийн шагналыг хүртсэн. Оскарыг ч мөн Рами Малек хүртэх өндөр магадлалтай байсан. Таамаг ёсоор жүжигчин Рами Малек “Bohemian Rhapsody”-ийн Фрэдди Меркьюригийн дүрээр "Оскар" хүртэв. Энэ түүний анхны Оскар.
Магадгүй түүнд домогт "Queen" хамтлагийн түүх, дуучин Фрэдди Меркьюригийн алдар нэр энэ шагналыг хүртэх шалтгаан болсон байж болох. Ямартай ч Рами Малек Оскар хүртэхдээ үзэгч, фэнүүддээ өртэй болсноо илэрхийлсэн. Цаашдаа олон дүрээр түүнийг бид дэлгэцэнд харах нь ойлгомжтой.
Capernaum (Lebanon), Cold War (Poland), Never Look Away (Germany), Roma (Mexico), Shoplifters (Japan) таван кино нэр дэвшив. Энэ жилийн гадаад хэл дээрх бүтээлүүд бүгд өндөр үнэлгээтэй, шилмэл байснаараа өмнөх жилүүдээс ялгарч чадсан байх. "Cold War", "Shoplifters" бүтээлүүд ч "Шилдэг гадаад хэл дээрх кино" шагналыг авах магадлалтай байлаа.
Найруулагч Альфонсо Куарон бол "Gravity", "The Revenant" зэрэг бүтээлээрээ өмнө нь Оскарт нэр дэвшиж байсан, чансаа өндөртэй найруулагч. Энэ удаад ч "Roma" кино "Оны шилдэг бүтээл", "Шилдэг гадаад хэл дээрх кино" хоёр номинацид нэр дэвшиж, шилдэг гадаад хэл дээрх кино болж чадсан нь Мескисийн кино урлагийн түүхэн дэх анхны тохиолдол боллоо.
Оскарын дараа
Эцэст нь тэмдэглэхэд, хөтлөгчгүй болсон Оскарын наадам таньд хэр санагдсан бэ? Зарим хүмүүс уйтгартай байна, хурдан дуусчихлаа гэж байгаа бол зарим нь харин ч их нуршсангүй, эмх цэгцтэй болж өндөрлөлөө гэхчлэн өөр өөрсдийнхөө дүгнэж байна.
Гадны хэвлэл мэдээллүүд Лэди Гагагийн тансаг гоёл, Брэдли Күүпер рүү тэр хэрхэн хайрын халуухан харцаар ширтэж байсан тухай, Рами Малек тайзнаас буухдаа бүдэрч унасан талаар шуугиж байна. Энэ жилийн Оскарын ертөнц кино уран бүтээлээс бусад зүйл дээр илүү төвлөрч буйг та анзаарсан уу! Үнэхээр сул, муу гээд нэрлэчихээр бүтээл нэр дэвшээгүй нь үүний нэг шалтгаан байж магадгүй юм.
Оскар дууссан ч та нэр дэвшсэн бүтээлүүдийг үзэж амжаагүй бол кинонуудыг заавал сонгож үзээрэй.
Харин одоо жүжигчин Брэдли Күүпер, дуучин Лэди Гага нарын дуулсан "A Star is born" киноны дуу "Shallow"-ийг Оскарын тайзан дээр амилуулсан хувилбарыг сонсохыг санал болгож байна.
Сэтгэгдэл ( 0 )