Гадаадын хөрөнгө оруулагчдад нэг цэгийн үйлчилгээ үзүүлж эхэллээ

2019 оны 02 сарын 26

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар //2019.02.25 “Invest in Mongolia Center” нэг цэгийн үйлчилгээний төвийн нээлтэд оролцлоо.

Нээлтийн үеэр Гадаад харилцааны сайд хэлэхдээ “Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь өнгөрсөн хугацаанд олон удаа бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд орж, нэрээ сольсон байдаг. Энэ институцийн тогтворгүй байдал нь Хөрөнгө оруулагчдад хүндрэл учруулж, үйл ажиллагаанд нь саад болдог гэдэг нь тодорхой юм. Иймээс цаашид байнгын, тогтвортой үйл ажиллагаа явуулах зорилго бүхий хөрөнгө оруулагчдад үйлчлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүлж байгаа нь хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжихэд тодорхой ахиц авчирна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

“Invest in Mongolia Center” нэг цэгийн үйлчилгээний төвөөс гадаадын хөрөнгө оруулагчид хууль эрх зүй, татварын орчны талаар мэдээлэл зөвлөгөө авах юм. Үүнээс гадна  хөрөнгө оруулагчдад тулгарсан бэрхшээл гомдлыг хүлээн авах, хуулийн этгээдийн бүртгэл, лавлагаа, Монгол Улсын визийн зөвшөөрөл олгох, сунгалт хийх, нийгмийн даатгалын бүртгэл, тайлан хүлээн авах зэрэг үйлчилгээ үзүүлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top