Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд, ИТХ-ын дарга А.Ишдорж нар орон нутгийн сэтгүүлчидтэй уулзаж, цаг үеийн болон бүтээн байгуулалтын чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар мэдээлэл өгсөн байна.
Засаг дарга Г.Ганболд “Улаанбаатар хоорондын 60 км автозамыг шинэчлэх ажлыг энэ ондоо багтаан эхлүүлж, 2020 онд ашиглалтад оруулах, Баянтээгийн уурхайг түшиглэн сайжруулсан түлшний үйлдвэрийг байгуулах, БОЭТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж, эмч нарыг нарийн мэс ажилбарт сургах гэхчлэн олон ажил шийдэгдээд байна. Дулааны станцын барилгыг эхлүүлэх юм. Дулааны станцыг байгуулснаар агаарын бохирдол бүрэн шийдэгдэхгүй. Гэр хороолол, автомашины утаа агаарын бохирдлын 70 хувийг бүрдүүлдэг” хэмээн онцоллоо.
Одоогоор улсын болоод орон нутгийн нөөцөд 500 орчим тонн өвс тэжээл байгаа ба зах зээлийн үнээс хямдруулан худалдах шийдвэрийг гаргаж, ногоон тэжээлийг 5000, нарийн ногоон өвсийг 7200 төгрөгөөр худалдаж байна. Булган, Төв, Архангай аймгийн сумдад отор нүүдлээр яваа малчдыг хөөж туух, мөнгө төгрөг нэхэх асуудлыг шийдвэрлэхээр тухайн орон нутгийн удирдлагуудтай уулзаж, аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүгийн дэмжлэгийг үзүүлээд байгаа аж. Ингэснээр малчид малаа төллөтөл ямар нэг дарамт шахалтгүйгээр оторлох боломжтой болж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )