ӨВӨРХАНГАЙ: Цэрэг-спортын “Дөл-2019” тэмцээний шилдгүүд тодорлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 18

Аймгийн Засаг даргын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах Цэрэг-спортын “Дөл-2019” тэмцээн Арвайхээр хотноо зохион байгуулагдлаа. Ахлах ангийн сурагчдад цэрэг-эх оронч хүмүүжил олгох, бие бялдар сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил төлөвшүүлэх, монгол цэргийн залгамж халааг бэлтгэх зорилготой тус тэмцээнд 9 багийн 117 тамирчин оролцов.

Тэмцээн багш, дасгалжуулагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг сорих, Тасгийн гүйцэтгэх ажиллагаа, дасгал нормативууд, Марш гүйлтийн тэмцээн гэсэн үндсэн гурван шалгуурын хүрээнд зохион байгуулагдаж, багууд жагсаалын үзүүлэх тоглолт, Цэргийн 1, 2, 3 дугаар 16 тоот дасгал, Тасгийн захирагчдын тэмцээн, Тасгийн урлагийн үзүүлэх тоглолт, Ханын сонин гаргах тэмцээн, Гранат шидэлт, Тактикийн ажиллагаа, Хөнөөлтийн голомтод ажиллах, Цэргийн байр зүйн норматив, Химийн норматив зэрэг ажиллагааг гүйцэтгэсэн юм.

Тэмцээний дүн гарахад тэргүүн байрыг Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн “Монгол ураг” баг, дэд байрыг Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн “Соёмбо” баг, гутгаар байрыг Арвайхээр сумын ерөнхий боловсролын “Мэргэд” лаборатори сургуулийн “Дайчид 1” баг, тусгай байрыг Хайрхандулаан сумын ерөнхий боловсролын сургуулийн баг тус тус эзэллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top