Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт өөрчлөлт оруулахыг дэмжив

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 19

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааныг өнөөдөр /2019.03.19/ 14.00 цагаас зарлаад байсан ч 11 гишүүний буюу 58 хувийн ирцтэйгээр 15:00 цагт эхэллээ. Тус байнгын хороогоор УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн чухал асуудлуудыг урьдчилан хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм.

Тухайлбал, Засгийн газар 2019.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд байгуулсан нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, 2019.02.02- ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төсөл, 2019.02.26-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжив.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд байгуулсан нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Польш Улсын Засгийн газраас 50 (тавин) сая еврогийн экспортын зээлийг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын “нөхцөлт тусламж” /tied aid/ буюу “экспортын зээл”-ийн журмын дагуу манай улсад олгохоор шийдвэрлэсэн байна. Мөн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийн хүрээнд 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч санхүү, хөдөө аж ахуй, санхүү, боловсрол, нийгмийн салбаруудад 468 сая ам.долларын санхүүжилт болгох аж. Харин Монгол Улсын Засгийн газар болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслийн хүрээнд 300 сая ам.доллар зээлэх бөгөөд эл хөрөнгийн талыг нь Улаанбаатар-Дарханы замыг сайжруулахад зарцуулах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top