“Арван аймгийн төвийн дулаан хангамжийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Арвайхээр хотод барих дулааны станцын байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний танилцуулгаар олон нийтийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга Г.Ганболд, аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал болон төрийн албан хаагчид, дулаан хангамжийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, иргэдийн төлөөлөл оролцов.
Аймгийн төвд барих дулааны станцын байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг “Эко Трейд” ХХК хийж, БНСУ-ын “Ёошин” консорциум зөвлөхөөр ажиллаж байгаа бөгөөд үнэлгээний талаар олон нийтэд танилцуулсан юм. Үнэлгээний дүн бодит байдалтай нийцээгүй, нарийн зүйлсээ судлаагүйд аймгийн Засаг дарга Г.Ганболд шүүмжлэлтэй хандаж, орон нутгийн мэргэжлийн байгууллагуудтай хамтарч нарийн судалгаа хийсний дараа дахин хэлэлцүүлэг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Иргэдийн зүгээс дулааны станцтай болсноор дулааны үнэ тарифт өөрчлөлт орох уу, өртөг аль хэр нэмэгдэх вэ, усны хэрэглээ хэдэн хувиар өсөх вэ гэсэн түгээмэл асуултуудыг асууж, холбогдох хариултуудаа авсан юм.
БНСУ-ын "Экзим" банкны хөнгөлттэй зээлээр Арвайхээр хотод баригдах дулааны станцын барилга угсралтын ажлын зураг төсөл, техникийн хяналт тавих Монголын талд туслах зөвлөх үйлчилгээний тендерийг ойрын хугацаанд зарлаж, намраас барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна хэмээн Эрчим хүчний яамны бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Ё.Энхтуяа энэ үеэр хэллээ.
Сэтгэгдэл ( 0 )