АЙЛЧЛАЛ | Өмнөд Солонгосын Ерөнхий сайд И Нак Ён гэж хэн бэ?

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 25

Өмнөд Солонгосын Ерөнхий сайд И Нак Ён Монгол Улсад гурав хоногийн албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр /2019.03.25/ Улаанбаатар хотод газардаж байна. БНХАУ-д болох Боао эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ Монгол Улсад айлчилж буй И Нак Ён хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах, эдийн засаг, худалдаа, боловсрол, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор ирсэн гэж Korea Times сонин мэдээлж байна. Энэ жил Өмнөд Солонгос болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож буй юм. Айлчлалынхаа үеэр тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзахаар болжээ.

Өмнөд Солонгосын Ерөнхий сайд И Нак Ён 1951 оны арванхоёрдугаар сарын 20-нд Өмнөд Солонгосын Ёчнгванг аймагт төржээ. Тэрээр Сөүлийн элитүүдийн дунд сургуульд суралцаж улмаар Сөүлийн үндэсний их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимд элсэн суралцсан байна. Төгссөнийхөө дараахан “Донг-а Илбо” гэх алдарт сонинд сэтгүүлчээр ажиллах болжээ. Улмаар 2000 он хүртэл эрхлэгчээр ажилласан байна.

“Донг-а Илбо” сонинд улс төр, эдийн засгийн нийтлэлээрээ олонд танигдаж, Өмнөд Солонгосын Ардчилсан намынхантай ойрын холбоотой болсон байна. Ялангуяа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ким Дэ Жуны бодлогыг ихэд дэмжин “Донг-а Илбо” сонин ч Ким Дэ Жуны бодлогыг олон нийтэд сурталчлах болжээ. И Нак Ён 2000 оны парламентын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин сонгогдож дөрвөн сонгууль дараалан ялалт байгуулсан билээ. Парламентын гишүүн байх үедээ 2002 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Ро Мүүн Хён бие төлөөлөгчөөрөө сонгосон юм. Дөрвөн удаагийн бүрэн эрхээ хэрэгжүүлсний дараа 2014 онд Өмнөд Жёлла аймгийн захирагчаар ажиллах болсон байна.

Зүүлт: Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Же Ин албан тушаалдаа томилогдмогцоо Хойд хэсгийн шинэ бодлогоо зарласан юм. Энэ бодлогоор ОХУ болон Монгол Улстай дипломат харилцааны шинэ шатанд гаргана гэдгээ тодорхойлсон билээ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хэ авлигын хэрэгт холбогдсоны дараа Мүүн Же Ин Ерөнхийлөгчийн суудалд суусны дараа Ерөнхий сайд болох магадлалтай улстөрчийн тоонд И Нак Ён багтаж байсан юм. Тохиолдол гэх үү тохиролцоон гэх үү Мүүн Же Ин Ерөнхийлөгч томилогдсон өдөр Өмнөд Жёлла аймгийн Захирагчийн суудлаа хүлээлгэн өгч байсан гэдэг.  Улмаар 2017 оны тавдугаар сарын 31-нд Ерөнхий сайдын суудалд албан ёсоор суусан билээ.

И Нак Ён Өмнөдийн өнөө цагийн улстөрчдөөс нэг зүйлээрээ ялгагддаг. Тэрээр Жосон улсын хаан угсааны хүн. Их Ван Ванпунгийн угсааны 22 дахь үеийн төлөөлөл гэдгээрээ Өмнөдийн ард иргэдийн дунд ч, улстөрчдийн дунд ч ихээхэн нэр хүндтэй. Солонгосын хойгийн энх тайван байдлыг хангах зорилгоор Японы улстөрчидтэй ч ойрын холбоо сүлбээтэй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top