Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 18 нас хүрсэн суралцагчид “Оюутан цэрэг” сургалтад хамрагдаж эхэллээ. Тус сургалтын нээлтийн арга хэмжээ энэ сарын 1-ний өдөр зохион байгуулагдав. Нээлтэд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Ганболд, аймгийн Цэргийн штабын дарга, Хурандаа М.Дэлгэрсайхан, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал С.Санчир, холбогдох албаны хүмүүс, МСҮТ-ийн багш, сурагчид оролцлоо.
“Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтад орон нутаг дахь их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан, сурагчдыг өнгөрсөн жилээс хамруулж эхэлсэн билээ. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчдаас эрүүл мэнд, бие бялдар, сурлагийн чанараараа тэргүүлсэн сурагчид энэхүү сургалтад хамрагдаж байгаа юм. Эдгээр сурагчид хичээлийнхээ хажуугаар “Цэргийн ерөнхий бэлтгэл”-ийн сургалтад 2 сарын хугацаанд хамрагдаж, дараагийн шатны сургалт буюу “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” сургалтад 2019 оны 6 дугаар сараас 8 дугаар сарын хооронд хамрагдаж, Зэвсэгт хүчний 256 дугаар ангид үргэлжлүүлэн алба хаана.
Цэргийн алба хаах хэлбэрт чухал шинэчлэл болсон энэхүү сургалт нь цэргийн насны оюутан залууст иргэний цэргийн үүргээ биелүүлж, суралцах хугацаандаа цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамрагдаж, цэргийн алба хаах боломжийг бүрдүүлснээрээ давуу талтай бөгөөд 4 сарын хугацаанд цэргийн жинхэнэ албыг биеэр хаах юм.
Сэтгэгдэл ( 0 )