УИХ-ын гишүүд гурван удаа ТУРШИЛТЫН САНАЛ ХУРААЛТ явуулав

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 05

УИХ-ын хаврын ээлжит чуулганаас эхлэн УИХ-ын Дэгийн тухай шинэ хууль хэрэгжиж гишүүдийн ирц болон саналыг хурууны хээгээр бүртгэдэг болсон. Хууль санаачлагчдын зүгээс гишүүдийн ирцийг хурууны хээгээр нь бүртгэснээр тэдний чуулганы хуралдаан болон байнгын хорооны хуралдаандаа суудаггүй явдал багасч, хариуцлага нэмэгдэнэ гэж тооцжээ.

Харин УИХ-ын гишүүд 600 сая төгрөг зарцуулсан шинэ технологийг ашиглаж дадахгүй байгаа бололтой. Учир нь өнөөдрийн /2019.04.05/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Хурууны хээгээр санал өгөх анхны санал хураалт учраас туршилтын санал хураалт явуулъя” гэсэн юм.

Ингээд туршилтын санал хураалт явуулж бүх гишүүн “yes” товчийг дарахад 8 гишүүний санал уншигдсангүй. Дахин туршилтын санал хураалт явуулахад 5 гишүүний санал уншигдаагүй юм. Улмаар УИХ-ын Тамгын газрын ажилтнуудын тусламжтайгаар гурав дахь удаагаа туршилтын санал хураалт явуулахад бүх гишүүний санал уншигдлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top