Хэнтий аймгийн ЗДТГ, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, аймгийн Барилгачдын холбооноос “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг өнгөрөгч баасан гарагт /2019.04.05/ зохион байгууллаа.
“Барилга угсралт, засварын чанарыг эрхэмлэе” уриан дор зохион байгуулсан тус зөвлөгөөнд аймгийн удирдлагуудаас гадна Барилгын хөгжлийн төвийн дэд захирал Б.Энхболд, Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч М.Батбаатар нарын зочид, барилга угсралт болон барилгын материал үйлдвэрлэгчид, хангагч байгууллагуудаас бүрдсэн 29 аж ахуйн нэгж, байгууллагын 70 гаруй удирдлага, инженер оролцлоо.
Зөвлөгөөнд 11 илтгэгч илтгэл хэлэлцүүлснээс онцолбол, барилгын салбарт төрөөс баримталж буй бодлого, цаашдын чиг хандлага, барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шинэчлэлт, барилгын салбарын ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалт, мэргэжлийн үүрэг олгох үйл ажиллагааны зохион байгуулалт, цаашдын зорилт, мэдээллийн холбооны чиг хандлага, барилгын салбарт мөрдөгдөж буй нийгмийн хамгааллын хууль, тогтоомж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар гэх мэтчилэн салбарын нэн чухал асуудлыг хөнджээ.
Хэнтий аймагт 2019 онд улсын төсвийн 50.3 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт, мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдах цэвэрлэх байгууламж, Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар Нисэх онгоцны буудал, Дэлхийн банкны санхүүжилтээр Чингис хот, Бор-Өндөр суманд тавигдах ухаалаг тоолуур, Дулааны станцын ажлыг тооцвол 80 орчим тэрбум төгрөгийн томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр төлөвлөгджээ.
Сэтгэгдэл ( 0 )