ХЭНТИЙ: "Шинэ мөрөн" хөгжлийн форум боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 11

Хэнтий аймгийн Мөрөн сумын ИТХ-аас санаачлан аймгийн ЗДТГ, Хүнс хөдөө аж ахуйн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хэрлэн сум, аймгийн Нутгийн зөвлөл, Мөрөн сумын нутгийн зөвлөл, Хэнтий аймгийн оюутан залуучуудын холбоотой хамтран "ШИНЭ МӨРӨН" хөгжлийн форумыг зохион байгууллаа. Сум орон нутгийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөгжлийн гарц хайх, Мөрөн сумын давуу тал, боломжуудын талаар форумд оролцогчид, илтгэл, мэдээлэл хийж, сумын 100 гаруй ард иргэдээр хэлэлцүүллээ.

Аймгийн ЗДТГ-аас энэ оны хөрөнгө оруулалт, улсын төсвийн хөрөнгөөр хийх 62 төсөл арга хэмжээг танилцуулж, Мөрөнчүүдийг ажилтай, орлоготой, үйлдвэрлэлтэй болоход анхаарч ажиллахаа илэрхийллээ. Мөн форумын үндсэн илтгэлээр инженер, судлаачид Мөрөн сумын онцлогт тааруулсан хөгжлийн төлөвлөгөө, жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх шинэ санааг ард иргэдэд дэвшүүлэв. Тухайлбал, Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Б.Батбаяр “Шинэ мөрөн” төслийг танилцуулав. Үүндээ Хөдөө аж ахуйн парк, сум орон нутаг нийцсэн зочлох үйлчилгээ амралтын цогцолбор, морин тойруулгын цогцолбор гэх мэт дотоод, гадаадын жуулчдыг татах, хөгжлийн бодитой төлөвлөгөөг хэлэлцүүлэв.

Мөн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Энх-Амгалан хөдөө аж ахуйн салбарын бодлого болон сум хөгжүүлэх сан, жижиг дунд үйлдвэр, зээлийн батлан даалт, газар тариалангийн талаар цаашид авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, баримтлах бодлогоо танилцуулав. Форумын үеэр аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Гэрэлмаа нар сумын эрүүл мэндийн төвд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай 21 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, Сумын ЗДТГ-т мотоцикл гардуулан өглөө.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top