Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Улсын Ерөнхий прокурорын орлогчид М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг нэр дэвшүүлээд буй. Нэр дэвшигчдийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2019.04.17/ хуралдаанаар хэлэлцэн 80 хувийн дэмжих шийдвэр гаргалаа.
Хэлэлцүүлгийн үеэр нэр дэвшигчдээс УИХ-ын гишүүд нэг хүнийг нөгөө хүнээр солих нь зорилго бус, үзэл баримтлал үйл ажиллагааны өөрчлөлтийг хүсч сольж байна. Тиймээс шүүх, хяналтын өөрчлөлт, шинэчлэлтэд хэрхэн хандаж байгааг нь лавлаж байлаа.
Нэр дэвшигч М.Чинбат “Монголын нийгэмд үүсээд байгаа шударга ёсны шаардлага, хуулийн байгууллагын өөрчлөлт шинэчлэлийг мэдэрч ажиллах болно” гэсэн бол нэр дэвшигч С.Алиманцэцэг “Олны анхаарал татсан хэргүүдийг шуурхай шийдвэрлэх ёстой. Иргэдийг чирэгдүүлэхгүй, хохирсон хүнийг хохироохгүй, нийгмийн хандлагыг анхаарч ажиллах болно. Үйлдэл тус бүрдээрээ хүн шийтгэл оногдуулах зарчмыг би дэмждэг. Авлигал, хээл хахууль, гэр бүлийн хүчирхийллийн хүрээний хэргүүдэд анхаарч ажиллах болно” хэмээн байр сууриа илэрхийлж байлаа.
Улсын Ерөнхий прокурорын орлогчид М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг томилох асуудлыг маргаашийн /2019.04.18/ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.
Сэтгэгдэл ( 1 )
Монгол орноо хууль тэгш хэрэгждэг орон болгоорой.