Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 18

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.04.18/ нэгдсэн хуралдаан эхэлж, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Тогтоолын төслийн хүрээнд есөн аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийн 3.4 сая га талбайг хамарсан Говийн их “Б” хэсгийн дархан цаазат газар, Нөмрөгийн дархан цаазат газар, Монгол дагуурын “Б хэсгийн дархан цаазат газар, Отгонтэнгэрийн дархан цаазат газрын өргөтгөл, Дарьгангын байгалийн цогцолборт газар, Булган голын эх, Их онгогийн байгалийн цогцолборт газар, Онгон таван булгийн байгалийн нөөц газрын өргөтгөлөөр, шинээр Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Хөх нуур, Ташгайн таван нуур, Жаран тогооны тал А, Б хэсэг, Мэнэнгийн цагаан хоолой, Халхын таван уул,Баяндун уул, Улз голын эх, Гүн гашууны хоолой, Сутай хайрхан уул, Зотол хаан уул, Дулаан хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар, Цагаан дэлийн агуйг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах суурь судалгаа, үндэслэлийг шинжлэх ухааны байгууллагатай хамтран боловсруулж, орон нутгийн ИТХ-аар хэлэлцүүлэн тогтоол гаргуулсан байна.

Дээрхи газруудыг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулснаар байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд болон 350 орчим зүйлийн ховор амьтан, ургамал, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 3.7 хувь, ойн сан бүхий газрын 3.2 хувь хамгаалагдах бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 3.4 сая га буюу 2.1 хувиар нэмэгдэж нийт нутаг дэвсгэрийн 19.8 хувийг улсын тусгай хамгаалалттай газар нутаг эзлэх юм байна.

Дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын өргөтгөл хийгдсэнээр хамгааллын менежментийг УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтоолын дагуу шинээр бүтэц орон тоо, цалингийн санг нэмэгдүүлэхгүйгээр батлагдсан орон тоо, төсөвт багтаан хэрэгжүүлэх аж. 

Харин байгалийн нөөц газар болон дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч буй газруудын хамгааллын менежментийг Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу тухайн орон нутгийн өөрөө удирдах байгууллага болоод Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд зохицуулагдахаар тусгагдсан байдаг тул холбогдох аймаг, сумдын байгаль орчны албад уг арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top