ТОМИЛГОО: Прокурорын орлогчид М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болов

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 18

УИХ-тай зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Улсын Ерөнхий прокурорын орлогчид М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг нэр дэвшүүлсэн асуудлыг чуулганаар хэлэлцэн гишүүдийн олонх нь дэмжлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж, прокурорын орлогчид нэр дэвшигчдээс тодорхой асуудлуудад хариулт авсан юм. УИХ-ын гишүүн Л.Болд “Хуулийн байгууллагын томоохон шинэчлэл үргэлжилж байна. “Шударга бусын хонгил”-ыг нөгөө хонгилоор солихгүй байх гол арга бол ил тод байх явдал. Иргэний нийгмийн байгууллагуудын санал бодлыг хүндэтгэж ажиллаарай. Нийгэм шударга ёсоор цангаж байна” хэмээн сууриа илэрхийлсэн бол Д.Лүндээжанцан гишүүн “Яллах, цагаатгах асуудлыг эн тэнцүүхэн баримтлахыг биднийг прокуророор ажиллаж байхад сургадаг байсан. Өнөөдрийн тогтолцоонд прокурор хяналт тавих, шүүлтүүр хийх ёстой. Гэтэл мөрдөн байцаах ажиллагааг удирдагч болсныг ойлгож, өөрчлөх хэрэгтэй. Мөн голлох хуулиудыг эргэн харах учиртай” гэлээ. Ц.Нямдорж сайд “Гэм буруугүй хүнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэж болдоггүй заалт сүүлийн жилүүдэд хэрэгжихээ больсон. Үүнд дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй. Прокурорууд нь цатгалан бар шиг суудаг болсон. Аливаа асуудлын талаар эргэлзээ гарахын бол яллагдагчийн талд ашигтайгаар шийдвэрлэн гэснэ зарчим алга болсон. Баахан гэм зэмгүй хүмүүсийг шоронд хорьсон. Шүүх өөрөөсөө нууцлах гэж оролдоод байгаа С.Зоригийн хэргийн шийдэрлэлтийг нэн яаралтай засах хэрэгтэй. Ил далдаар оролцсон бүх хуульчдыг байх ёстой газарт нь байлгах хэрэгтэй. Эрүүдэн шүүсэн, захиалагч, зуучлагчдынх нь нэрийг хэлээд байхад өөр хүмүүсийг шийтгэчихсэн. Та бүхэн энэ алдааг засах зоригтой ажиллаарай” хэмээн захилаа.

УИХ-ын гишүүдийн зүгээс прокурорын байгууллагын тогтолцоог өөрчлөлт, шударга ёсыг тогтоох эрмэлзэл, прокурорын байгууллагын дэргэдэх мөрдөн байцаах алба байх ёстой эсэх талаар сонирхон асууж байсан юм. Үүнд нэр дэвшигч С.Алиманцэцэг “Үндсэн хуулийн өөрчлөлтөөр прокурорын байгууллага шүүх засаглалын байгууллагад ордог. Энэ байр суурь нь зөв гэж үзэж байна. Прокурорын байгууллагын дэргэдэх мөрдөн байцаах алба зайлшгүй байх ёстой гэж үздэг. Нийгэм бухимдалтай байгаа. Нийгмийн хандлагыг мэдэрч ажиллахаас гадна хуульд захирагдаж ээдрээтэй байгаа хэргүүдийг шуурхай шийдвэрлэх чиглэлээр ажиллах болно. Прокурорын байгууллагын шийдвэр ил тод нээлттэй байх ёстой гэж үздэг” гэсэн бол нэр дэвшигч М.Чинбат “Нийгэмд болж байгаа үйл явдал, иргэдээс хүч байгаа шударга ёсны зарчимч байдлыг ойлгож, мэдэрч ажиллах болно. Прокурорын үйл ажиллагаа хуульд нийцэж ажиллах ёстой гэсэн Үндсэн хуулийн зарчмыг хангаж ажиллана. Хуулийн байгууллагуудын дунд гарсан шударга бус асуудал бий. Цаашдаа Монголын төрд ийм асуудал дахин гарахгүй гэсэн байр суурьтай байна. Эрүү шүүлт тулгах асуудал Монгол Улсын хуульд тодорхой тусгаж өгсөн. Хүнтэй хүнлэг бус харьцаж хэрэг хүлээлгэдэг явдал дахин гаргахгүйн төлөө ажиллана” хэмээн байр сууриа илэрхийлж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top