ӨМНӨГОВЬ: Ажилдаа дугуйгаар ирсэн ажилчдаа урамшуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 23

Өмнөговь аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Биеийн тамир, спортын газраас хамтран урин дулааны улирал эхэлж буйтай холбогдуулан "ЭКО ӨМНӨГОВЬ" төслийн хүрээнд "Автомашинаас татгалзья – Ажилдаа дугуйгаар явья” аяныг дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс наймдугаар сарын 1-ний өдрийг дуустал хугацаанд өрнүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 

Тус аймаг Монгол Улсын хэмжээнд хамгийн урт буюу 6.9 км дугуйн зам болон явган хүний замыг бүтээн байгуулсан байна.

Дээрх аяны хүрээнд байгууллага бүр гаднаа дугуйн зогсоол хийж, байршуулсан байх, ажилдаа ирэх, буцахдаа автомашинаас татгалзан дугуй унаж буй албан хаагчдыг хөдөлмөрийн дотоод журмын дагуу урамшуулах заалт оруулан дэмжлэг үзүүлэх, бүртгэл хөтлөх, амралтын өдрүүдэд байгууллага хамт олноороо дугуйн аялал зохион байгуулж бие бялдраа чийрэгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээ зохион байгуулахыг уриалаад байна.

Иргэдийн дунд эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, нийтийн биеийн тамираар хичээллүүлж эрүүл мэндийг бэхжүүлэх, эдийн засагт хэмнэлт хийх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, байгаль орчны бохирдлыг бууруулах, автозамын түгжрэлийг бууруулах, унадаг дугуйн хэрэглээг нэмэгдүүлэх, дугуйн соёлыг сурталчилахад аяны зорилго оршиж буй юм.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top