ДОРНОД: Уул уурхайн салбарын зүүн бүсийн зөвлөгөөн болж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 26

“Хариуцлагатай уул уурхай-хамтын ажиллагаа 2019” уул уурхайн салбарын зүүн бүсийн зөвлөгөөн Дорнод аймгийн Чойбалсан хотод болж байна. Уул уурхай, газрын тосны салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, уул уурхай, газрын тосны үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгж, бүс нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, иргэд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, орон нутагт газрын тос, уул уурхайн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын санаачлагаар анх удаа зохион байгуулагдаж байна.

Зөвлөгөөнд Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин аялал, жуулчлалын яам, Ашигт малтмал газрын тосны газар, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгууд, Канад улсын Мерит төсөл, Дорнод аймгийн 14 сумын удирдлагууд, иргэд, Уул уурхай эрхлэгч аж ахуй нэгж байгууллагууд оролцож байна.

Уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүдийг байгальд сөрөг нөлөөгүйгээр уул уурхайг ашиглах, холбогдох стандартын дагуу байгаль орчныг нөхөн сэргээх, бүтээгдэхүүн тээвэрлэлтийг стандартын дагуу явуулах, гүний усыг хамгийн багаар хэрэглэдэг, усыг дахин ашигладаг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүний технологийг нэвтрүүлэн ашиглах, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, тэднийг тогтмол сургах, ажиллах амьдрах таатай орчныг бүрдүүлж ажилласан байгууллагын аймгийн зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлж байна.
Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг чанд мөрдөж, нутгийн иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас худалдан авалт хийж тэдний бизнесийг дэмжихийг уриалж буй юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top