ЧУУЛГАН: МАН Харилцаа холбооны багц хуулиар завсарлага авлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 26

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч МАН-ын бүлгийн хүсэлтээр дөрөв хоногийн завсарлага авав. Ингэснээр өнөөдрийн /2019.04.26/ чуулганы хэлэлцэх асуудал хойшлох болов.

Хуулийн төслүүдийн хүрээнд ажлын хэсэг нийт дөрвөн удаа хуралдаж, хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд зарчмын зөрүүтэй саналыг хуулийн төсөл тус бүрээр бэлтгэн Байнгын хороонд танилцуулсан байна. Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хүрээнд зарчмын зөрүүтэй, найруулгын шинжтэй  нийт 28 саналыг боловсруулсан бөгөөд нийгмийн сүлжээнд нэрээ нуусан хаягнаас бусдын нэрээр орохыг болиулах, хориглох арга хэмжээ авах зорилгоор харилцаа холбооны үйлчлэгч нь хэрэглэгчийг регистрийн дугаараар нь бүртгэх, зах зээлд давамгай хуулийн этгээд хамаарал бүхий этгээдэд хөнгөлөлттэй нөхцөлийг олгож, өрсөлдөөний тэгш бус байдал үүсгэж байгааг хязгаарлах зохицуулалтыг төсөлд нэмж тусгажээ. 

Мөн харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зургаан асуудлаар бодлого боловсруулж, хэрэгжилтийг хангахаар төсөлд тусгасан боловч уг бодлогын баримт бичгүүдийг батлах субьект тодорхойгүй, олон тооны бодлогын баримт бичгийг тус тусад нь батлахаар ойлгогдож байсан тул Хөгжлийн бодлого  төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэн Засгийн газраас батлах үндэсний хөтөлбөрийн хүрээнд дээрх бодлогын баримт бичгүүдийг Засгийн газар батлахаар өөрчлөн найруулсан байна.

Эдгээр асуудлуудад гишүүдийн зүгээс нэгдмэл бус байр суурьтай байгаа учир ийнхүү бүлэг дээр хэлэлцэхээр болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top