Аян замын тэмдэглэл: Урлагаа “ургуулсан” ХӨХ ХОТ

2019 оны 04 сарын 30

БНХАУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Утга, урлагийнхны холбоо, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, дууны яруу найраг зохиогчдын төлөөллүүд оролцсон хэлэлцүүлэг, чуулга уулзалтад оролцлоо.


ХЭДИЙ ЧИНЭЭ ХОЛ ЯВНА, ТӨДИЙ ЧИНЭЭ САЙН БИЧНЭ

Хэн хүнээс илүү миний л мэдэрч чадах, үүндээ ч өөрөө итгэл дүүрэн байдаг ганц зүйл бол Улаанбаатар хотын амьдрал. Амьдралдаа энэ хотоос илүү хот, энэ хотын өгдөг мэдрэмжээс илүү мэдрэмжийг амсаагүй явсан учраас саяхныг хүртэл ийн бодож иржээ. Улаанбаатарын тухай цэвэр тунгалаг бодол минь сүүлийн үед шавар шавхайтай хутгалдаж байгаа нь намайг хамгийн ихээр эмзэглүүлэх болсон юм.

Хавирган сарнаас цан хүүрэг савсана. Улаанбаатарын иргэд жаргалтай, жаргалгүй аж төрнө. Хавирган сар байшингийн дээврээс зүүгдэх Улаанбаатарын үдшийн зураглал нүдэнд дасал болсоор хуучирч муудсан хувцас шиг санагдах болжээ.

Үүнээс л болж надад энэ хотоос холдох, холын хол явах хүсэл төрөх болсоор багагүй хугацааг үдсэн байв. Нөгөөтэйгүүр бидний “амьдрал” гэж нэрлэдэг хоорондоо ямар ч ялгаагүй эдгээр өдөр хоногуудаас оюун санаа минь залхаж эхэлсэн. Орон хот гэдэг миний хувьд толгой хоргодох дөрвөлжин сууцаас илүү үнэ цэнэтэй. Хуучин хувцас, хуучин бодол гээд амьдралын минь ихэнх орон зай хуучнаар дүүрчихсэн байсныг мэдрээд яах учраа олохгүй явахад минь энэ бүхнээс түр ч атугай холд гэсэн шиг өмнөхөөсөө ямар ч ялгаагүй гэж бодсон энгийн нэгэн өглөө энгийн биш эхэлсэн юм.

Тэр өглөө би БНХАУ-ын Хөх хотод томилолтоор явах болсноо сонсов. Яг л амьдрал ямар ч сонирхолгүй санагдсан үеэс жинхэнэ сонирхолтой явдлууд хөвөрч эхэлдэг шиг. Хоёр хоногийн дараа би галт тэрэгний буудал дээр авч явах ачаа болох нэг жижиг цүнх, дөрвөн шүлгийн номтой үүргэвчээ үүрээд зогсож байлаа. Маргааш, тэрний маргааш учран золгох өдөр хоног миний хувьд “айлчлал”, ажил, аялалын аль аль нь юм шиг санагдаж байв. Ер нь өөрийн сонгосон ажлаа ч тэр, амьдралаа ч тэр аялал шиг мэдрэн өнгөрүүлэх нь амьдралыг илүү амттай болгодог мэт.

Удалгүй энэ аялалд би ганцаараа биш надаас гадна есөн хүн хамт яваа гэдгийг менежер хэллээ. Багийн хүмүүсээ зүс мэдэхээс сайн танихгүй нь нэг талаар надад амар санагдана. Таньдаг хүмүүстэйгээ явснаас огт танихгүй ертөнцүүдийг өөртөө нээх нь илүү сонирхолтой. Аян зам ч адал явдлаар дүүрэн. Харин замдаа багийнхантайгаа танилцахад ямар хүчирхэг хүмүүстэй цуг яваагаа мэдэж, дотроо уулга алдсаныг минь хэн ч анзаараагүй л болов уу.

“Улаанбаатар” өртөөнөөс галт тэрэг хөдлөх цаг болоход бидэнд хамгийн эхний бэрхшээл тулгарлаа. Баг хариуцаж яваа менежер эгч гал тэрэгний тасалбараа буруу өдөр захиалчихсан байлаа. Төлөвлөгөө ёсоор бид яг энэ цагт олон улсын галт тэргэнд суун, замдаа гарах ёстой. Гэтэл бидний гарт атгуулсан тасалбар маргааш оройных байв. Хэрэв өнөөдөр бид замдаа гарч чадахгүй бол бүх төлөвлөгөө цуцлагдах байв. Энэ бол хоёр орны хувьд ч, явахаар бэлтгэж ирсэн хүмүүсийн  хувьд ч таагүй мэдээ. Бурханы авралаар бүх зүйл сайнаар эргэж, арав хүрэхгүй минутын дараа Хөх хотыг зорин яваа бидний арваад хүн галт тэргэндээ төвхнөж, суудлаа эзэллээ. Энэ явдал сүүлд ярихад хамгийн хөгжилтэй дурсамж болон хоцорчээ.

Миний хувьд галт тэргээр ийм олон цаг явсан анхны тохиолдол энэ. Галт тэрэг түчигнэн, уухилсаар хотоос гарахад үдшийн 22:00 цаг өнгөрч байв. Харуй бүрий орчныг бүрхээд юу ч харагдахгүй болсон учир бид төд удалгүй унтахаар хажууллаа. Шөнө галт тэрэг замдаа хэд хэд зогсов. Галт тэргийг зогсоход нь сэрж, хөдөлж эхлэхэд нь буцаж унтан бүүвэйлэгдэн явах нь таатай гэж. Нэг сэрэхэд үүр хаяарчээ. Зам ч нэлээн шуударсан бололтой. Цонхоор тэнгэрийн хаяа ягааран, олон салхин тээрэм нүдний өмнүүр жирэлзэн өнгөрөх тайван дүр зураг харагдана. Галт тэрэг удахгүй Замын-Үүдэд хүрнэ.

Удалгүй багийхан маань ч сэрэв бололтой. Хажуу тасалгаанд хүмүүс ярилцах сонсогдов. Хаврын хамгийн сайхан нь өглөө эрт үүр цайх. Үүрийн 5 цагт ягааран байсан тэнгэр цаг хүрэхгүй хугацааны дараа гэгээ татаж, нар мандлаа. Галт тэрэг тал зүсэн хурдалсаар. Би босож нүүр гараа угаан сэргэв. Галт тэргэнд бүтэн шөнийг өнгөрөөнө гэдэг надад шинэхэн болоод соньхон хэвээр. Хүнд мэдэрч буй анхны бүхэн сайхан байдаг шүү дээ. Тийм ч учраас ийн яваадаа баяр төрнө. Нэг өрөөнд цуг яваа хоёр эгч ч удалгүй сэрэв. Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх дээр хэсэг саатах хооронд танилцаад нэг өдөр л өнгөрсөн хэрнээ эгч нарын бага насны хөгжилтэй түүхээр аялж амжлаа. Ёстой л элгээ хөштөл инээнэ гэдэг нь болов. Ингэж уйдах завгүй явсаар Монголын хилээр гарч, Эрээний галт тэрэгний өртөөн дээр ирэв. Энэ хооронд Монголын болоод өмнөд хөршийн хилийн зурвас, шалган нэвтрүүлэх хэсэг ямар их ялгаатайг анзаарахгүй явж чадсангүй.

Эрээнд биднийг Өвөр Монголын утга урлагийнхны холбооны төлөөлөгчид тосч авав. Хуваарийн дагуу бол бид эрээнд өдрийн хоол идээд, хэдэн цаг амарсныхаа дараа үдээс хойш Хөх хот руу нисэх ёстой. Бүх зүйл яг төлөвлөсний дагуу болов.  Эрээнд хэсэг амрахдаа үүргэвчин доторх зүйлсээ цэгцлэв. Миний үүргэвчинд яруу найрагч Л.Өлзийтөгсийн “Тэнгэрт ургадаг модод”, Г.Лхагвадуламын “Дотно алс”, Б.Баясгалангийн “Эдгэрэл”, Б.Батзаяагийн “Догдлолууд” яваа. Замд үргэлжилсэн үг бараг л уншиж амжихгүй гэж тооцоолсон би зөвхөн шүлгийн номууд өвөртөлсөн нь энэ. Хамгийн сонин нь Улаанбаатараас хөдлөхдөө “Эдгэрэл”-ийг сөхөж харсан шигээ буцахдаа ч мөн “Эдгэрэл”-ийг уншиж байсан юм. Аян замыг номгүйгээр тэр дундаа яруу найргийн номгүйгээр төсөөлшгүй гэдгийг энэ хэдэн өдөр надад мэдрүүлсэн. Харин “Тэнгэрт ургадаг модод” надтай биш багийхантай маань илүү олон өдрийг үдсэн гэхэд хилсдэхгүй.

Эрээнээс Хөх хот руу цаг хүрэхгүй хугацаанд ниснэ. Харин газраар явбал дунджаар 4-5 цаг болдог гэв. Галт тэрэг-автобус-онгоц гэх мэт олон унаа сэлгэн сууж явахад бие организм илүү ядардаг аж. Эрээнд үдээс өмнө буусан бид Хөх хотод үдээс хойш газардлаа. Биднийг Өвөр Монголын утга урлагийнхны холбооны дарга Вон Ши Хиан болон түүний туслах нар тослоо. Нар жаргахтай зэрэгцэн багийнхан маань буудал руугаа хөдлөв. Хөх хот төсөөлж байснаас минь хэд дахин том юм. Яг үнэндээ миний төсөөлөл доторх Хөх хот илүү буйдхан байсан. Онгоцны буудлаас зочид буудал хүрэх замд өөрт цоо шинэ санагдах эл том хотыг ажин явав. Хотын машин зам нь олон эгнээтэй, өргөн, замын хоёр талаар өмнө нь харж байгаагүй модод ургасан, цэвэрхэн, эмх цэгцтэй, хөл хөдөлгөөн ихтэй, барилга байгууламж сүндэрлэсэн, бүтээн байгуулалт ид өрнөж, амьдрал буцлах ажээ. Улаанбаатарт байхдаа уншсан хамгийн сүүлийн зохиол минь “Үл үзэгдэх хотууд” гэдэг нэртэй байсан юм. Яг л үл үзэгдэх олон хотын нэг нүдний өмнө ил болчихсон юм шиг хачин мэдрэмж төрнө. Төд удалгүй гэгээ тасарч, бид ч буудалдаа ирэв. Шинэ газар хөл тавьсан эхний өдөр ингэж өндөрлөлөө. Энэ хот намайг төсөөлснөөс минь ч илүүгээр угтаж авав.

Сонирхолтой баримт 1: Хөх хотод гурван сая гаруй өвөр монголчууд амьдардаг. Өвөр Монгол нийт 27 сая гаруй хүн амтай.

ХАРЬ ХЭЛ, МОНГОЛ СЭТГЭЛ...

Маргааш нь зочид буудлын цонхоор Хөх хотыг тольдохуй дор өглөөний 06:00 цаг болж байлаа. Сүндэрлэн сааралтах өндөр барилгуудын цаанаас нар цухуйв. Биднийг очсон ихэнх өдрүүдэд Хөх хот +15 хэмийн дулаан байв. Цаг агаарын таатай уур амьсгалыг нь дагаад сэтгэл ч сэргэнэ. Улаанбаатараас гарахад хаврын зэврүүн өдрүүд уйтгарт автуулан үргэлжилж байсан сан. Энэ хотын нэг өдрийн амьдрал тун ч эрт эхэлдэг аж. Өглөөний цайгаа уусны дараа эхний хэлэлцүүлэг эхлэх боллоо. Буудлаас гарахад амьдрал буцалж байв. Манайд албан байгууллагууд бараг л үд өнгөрчихөөд байхад ажлын урсгал нь жигдэрдэг бол Хөх хотод эсрэгээрээ.

Амьдралдаа учирч байсан анхны цэвэр дипломатч хүн өвөр монгол байсан нь сонин. Тэр бол биднийг тосч авсан Х.Бүрэнцэнгэл дарга. Х.Бүрэнцэнгэл гуай Японд угсаатан зүй судлалаар докторын зэрэг хамгаалж, арваад жил амьдарсан гэдгээ замдаа хуучилсан юм. Тэрбээр япончуудаас маш их зүйл сурсны дотор цаг баримтлах ёсыг өөртөө хэвшүүлжээ. Х.Бүрэнцэнгэл болон Өвөр Монголын утга урлагийнхны холбооны туслахууд хөтөлбөр гаргасан байх ба эхний өдрөөс эхлээд бүхий л үйл ажиллагаа яг цаг, хуваарийн дагуу болж байлаа. Мэдээж миний үндсэн үүрэг тухайн болж үйл явдлуудыг тэмдэглэн, сурвалжлах.

Монголоос ирсэн бидний багт Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл, урлагийн газрын хэлтсийн дарга Г.Батхуяг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Боловсролын хүрээлэнгийн захирал П.Лхагвасүрэн, Дуурь, бүжгийн эрдмийн театрын дарга, Гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс, Үндэсний урлагийн их театрын хөгжмийн зохиолч М.Бирваа нарын албаны хүмүүс, уран бүтээлчид багтсан байлаа.  

Бидний энд зорин ирсэн үндсэн зорилго бол БНХАУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Утга, урлагийнхны холбоо, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, дууны яруу найраг зохиогчдын төлөөллүүд оролцсон хэлэлцүүлэг, чуулга уулзалтад оролцож, урлагийн амьд халуун харилцаа бий болгон, туршалга судалж, ганзага дүүрэн эх орондоо буцах явдал.

Эхний өдрийн чуулга уулзалтад Өвөр Монголын талаас Үндэсний урлагийн холбооны төлөөлөгчид, Үндэсний урлагийн дээд сургуулийн төлөөлөгч, багш нар, Өвөр Монголын Кино уран бүтээлчдийн нийгэмлэгийн төлөөлөгчид, Өвөр Монголын “Одон” телевизийн төлөөлөгчдөөс гадна хоёр орны хөгжмийн зохиолчид оролцов. Тэд урлагийн бүхий л салбарт тулгамдаж буй асуудал, цаашдын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих төсөл, зохион байгуулах арга хэмжээ зэрэг олон талт асуудлуудыг  хэлэлцлээ. Хэлэлцүүлэг хөндөх сэдэвтэй, үр дүнтэй болж өндөрлөв.

Өвөр Монголд хамгийн хурдацтай хөгжиж буй урлаг бол үндэсний урлаг. Соёл, урлагийн байгууллагуудын барилга байгууламж дуу алдам харагдана. Өвөр Монголын шинжлэх ухааны музей болон байгалийн, түүхийн музейн цогцолбор болон нэг дор байрладаг аж. Түүхийн дурсгалт олдворуудаа үзмэр болгон хадгалсан байдал нь сэтгэл татам. Мөн Өвөр Монголын уран зургийн галерейн орчин үеийн цогцолбор бүхий барилга дуу алдмаар. Манай уран зургийн галерей маш гайхалтай бүтээлүүдтэй ч барилга байгууламжийн хувьд хуучирч муудсан, чанарын шаардлага хангадаггүй санагддаг. Харин Өвөр Монголд яг эсрэгээрээ. Мөн өөр санагдсан зүйл нь Улаанбаатарын урлагийн байгууллагууд үүднээсээ ороход л бужигнасан, амьд байдлыг мэдрүүлсэн орчинтой бол энд харин нам гүмхэн байх нь сонин. Барилга байгууламж нь том болохоор ийм чимээгүй байдаг юм болов уу гэж бодсон ч дараа дараагийн очсон хэд хэдэн урлагийн газрууд мөн адил тийм мэдрэмжийг төрүүлэв. Яагаад ч юм цаанаасаа манайд ийм байдаг даа, харин энд... гэсэн бодол зочлох газар бүрээр дайрахад толгойд эргэлдэж байв. Мэдээж хоёр орны хооронд ялгаатай зүйл маш их санагдана. Өвөр Монголын Үндэсний урлагийн хүрээлэн манайхаар бол дуурь, драм, филармони зэрэг урлагийн томоохон байгууллагуудыг нэгтгэсэн томоохон байгууллага. Энэ хүрээлэн нь Бээжин “Ши” жүжгээс эхлээд симфони найрал хөгжим, үндэсний бүжгэн жүжиг, ардын найрал дууны хамтлаг зэрэг ардын урлагийг нэг дор цогцлоосон нүсэр том газар аж.

Бэлтгэл сургуулилтын заал, тоглолтын танхим нь хүрэлцээтэйн дээр орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон ёстой л урлагийн бүтээл туурвихад урамтай газар шиг санагдав. Биднийг очиход хүрээлэнгийхэн өөрсдийн үндэсний урлагийн онцлогийг шингээсэн цомхон тоглолтуудыг үзүүлж, сонирхуулав. Хамт явсан багийнханд маань Өвөр Монголчуудын ардын урлагаа хөгжүүлэн авч яваа нь хамгийн их таалагдсан бол тэдний сонирхлыг Монголд хөгжиж буй орчин үеийн урлаг илүү татаж байлаа. Энэхүү удаагийн аялал Монголоос очсон биднийг маш их сэдэлжүүлж өгсөн гэж хэлж болно. Манайд орчин үеийн, тэр дундаа постмодерн, контемпорари урлаг хурдацтай хөгжиж байгаа бол өвөр монголчууд ардын урлагаа авч үлдэхээр ид завгүй ажиллаж байна. Тэдний үндэсний урлагийн сургуульд ордос ардын дууны ангиас авахуулаад үзэмчин, хорчин ардын дууны анги хүртэл бий. Анги бүр нь цомхон хэдэн оюутантай. Ястан бүрийн онцлог шингэсэн дуунаас яагаад ч юм хөнгөн гуниг мэдрэгдэнэ. Заримдаа тэр гуниг улам хүндэрч байв. Хүндрэн хүндэрсээр эх орноо үгүйлэн санах сэтгэл болон хувирч байгаа ч юм шиг. Энэ бүхний эцэст нэг л зүйлийг ухаарав. Монголчуудын нэрийн хуудас бол яах аргагүй үндэсний урлаг!

Өөрийн минь зан хүмүүстэй нүүрэмгий харьцахаас илүү ажигламтгай, чимээгүй талдаа учир багийнхантайгаа байнга хөөрөлдөж явсан гэвэл худал ярьсан хэрэг болох вий. Харин багийнхныхаа элдэв хачин түүх, хөгжилтэй явдлуудыг сонсож суух нь надад илүү таатай санагдсан нь олон. Зөвхөн дуу хөгжим, шүлэг найраг нэг ёсондоо урлагаар холбогдон нэг дор яваа хүмүүс учир биднийг хаа ч явсан яруу сайхан дагалдаж байлаа. Ёстой л яруу түүх ч сонсоно, яруу яриа ч зогсолтгүй өрнүүлнэ. Учир нь бидний дунд монгол түмний сайн мэдэх “Алсад суугаа ээж” дууны шүлгийг бичсэн яруу найрагч П.Лхагвасүрэн, “Салхит шувуу” хэмээх гайхалтай бүжгийн хөгжмийг зохиосон М.Бирваа нарын авьяастнууд яваа нь аялалыг илүү амттай болгож байв. Тиймээс л надад бахдан бахархах сэтгэгдэл эрхгүй төрсөн. Амьдрал энгийн тусмаа сайхан. Гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс гэхэд энгийн хүн байсан нь хүндлэх сэтгэл эрхгүй төрүүлнэ. Ц.Түвшинтөгс, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр хоёр олон жилийн нөхөрлөлийн эзэд болсон сайхан найзууд. Монголдоо л Бетховин, Моцарт гэгдэх Б.Бямбабаяр гуай ч эгэл даруухан зантай, барагтай л бол үг дуугарахгүй. Харин шооч зан нь хэнийг ч уйдаахгүй. Энэ л эрхэм хүмүүстэй зөвхөн урлагаар холбогдон учирч, хэдэн өдрийг хамт өнгөрүүлсэн нь аялалыг маань ч, ажлыг маань ч уйдах завгүй сонирхолтой болгож өгсөн билээ.  

Сонирхолтой баримт 2: Хөх хот маш эмх цэгцтэй. Европ үсгээр бичигдсэн хаяг реклам өдрийн од шиг. Бараг л харагдахгүй. Учир нь Хөх хотын дүрэмд бүхий л хаяг реклам, ханын самбар, сонин хэвлэлийг бичихдээ хуучин монгол бичиг хамгийн дээр, түүний дараа хятад ханз үсгээр бичих ёстой гэж заасан байдаг ажээ.

Үргэлжлэл бий.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.83) 2019 оны 05 сарын 06

Бямбабаяр монголдоо моцарт бетховин гэнэ үү. Ха ха... та хөгжмийн тухай ямар ч мэдлэггүй бололтой

0  |  0
Би(206.189.175.191) 2019 оны 04 сарын 30

Уянгын халил байна.

0  |  0
Top