Хөвсгөл нуурын эрэгт амрахаар очсон хэн бүхний заавал дайрч гардаг суурин газар нь Хатгал тосгон билээ. Хатгалын төв зам хатуу хучилттай болж, гоёмсог модон байшингууд нэмэгдсэн харагдана. Хүн зоны амьдрал ч бас сайжирсан буй за хэмээн найдъя.
Ердөө хориодхон жилийн өмнө эль хульхан, цахилгаан ч үгүй байсан энэ суурин далайн эргийн Усан замаасаа эхлээд танигдахын аргагүй өөрчлөгджээ. Зочид буудал, зоогийн газар, кафе, дэлгүүрийн барилга завсар зайгүй баригдаж, зах ажиллах учир өглөө эртээс эхлээд л түм түжигнэн бум бужигнаж байна. Засмал замын нэг талын эгнээг дүүртэл машин тавьсан байх нь эмх замбараагүй баригдсан байшингуудтай давхцаад далайн үзэмжийг гутааж юу ч үл үзэгдэнэ. Алдарт Сүхбаатар хөлөг онгоц маань дүүрэн хүн суулгаад хөдөлж буйг арайхийн хагас хугас олж харав. Хатгалын Усан замд шавааралдуулан барьсан олон байшингаас хөгжил гэхээсээ илүү бодлогогүй төрийн нүүр царай, газрын наймааны үр дагавар, нэгдсэн төлөвлөлтгүй бүтээн байгуулалтын хор уршиг л харагдаж байлаа. Усан зам дээрээс гайхалтай гоё харагддаг байсан далайн үзэгдэх орчин үгүй болжээ. Зураг авах юм бол гэр хороолол гэж андуурахаар дүр зураг л ажиглагдана. Сайхан санагдсангүй.
Яг энд нов ногоон зүлэгтэй далайн эрэгт цэнгэг уснаас нь ундаалж, нутгийн иргэдийн зарж байгаа загаснаас аваад ахмад завьчдын хуучийг сонсон ярилцаж суусан сайхан дурсамж бодогдов. Зөрж өнгөрөх хүмүүс дундаас тэднийгээ хайлаа. Харагдсангүй...
Нутгийн брэнд бүтээгдэхүүнийг сонирхохоор зах руу оров. Гишүүнэ, нэрс, улаалзганы чанамал, нэрс, аньсны шүүс, утсан загас, төрөл бүрийн цагаан идээ, хатааж савласан эмийн ургамлууд, далайн сэдэвт бэлэг дурсгалын зүйлс гээд олон төрлийн бараа бүтээгдэхүүн харагдана. Яагаад ч юм, зүгээр л бушуухан явмаар санагдав.
МОНГОЛЫН ЦЭВЭР УСНЫ НӨӨЦИЙН 70 ХУВЬ НЬ ХӨВСГӨЛ ДАЛАЙ ШҮҮ ДЭЭ!
Дэлхий нийтийн хувьд ундны усны асуудал хурцаар тавигдаж, хүн төрөлхтөнд хэдэн жилийн усны нөөц үлдэж байгааг жил бүр тооцож байна. Гэтэл бид энэ тухай бодох ч үгүй өнөөдрөөрөө амьдран, хойч үе маань харангадаж үхвэл үхэг гэж байгаа юм шиг усаар туйлж явна. Хот суурин газрынхан жорлондоо ундны цэвэр ус татаж, машинаа ч бас ийм усаар угааж, усаа гамнах, хайрлах талаар төрийн бодлого ч үгүй явж ирлээ. Ард иргэддээ энэ талаар ойлгуулах сурталчилгаа явуулах нь байтугай сурагчдын сурах бичигт ч ийм өгүүлбэр алга. Мэргэжлийн хүмүүс нь сэтгэл зовнин энэ тухай ярьж, бичдэг ч үүнийг нь анхаарах сөхөөтэй төрийн түшээ, бодлого боловсруулагч, албан тушаалтан гэж нэгээхэн ч үгүй бололтой.
Монголын цэвэр усны нөөцийн 70 хувь нь Хөвсгөл далай шүү дээ! Байгалийн энэ их нөөц баялгаа бид юугаар сольж байна вэ? Арилжааны хэрэгсэл болсон мөнгө гэдэг зүйл Монголын цэвэр усны нөөцийн 70 хувьтай эн тэнцэх зүйл мөн гэж үү? Яавч үгүй байлтай. Ямар учир шалтгаанаар төрөөс бодлого гарган онцгой анхааралдаа авч, Хөвсгөл нуурын усыг хамгаалах талаар дорвитой арга хэмжээ авахгүй байгаа юм бэ? Энэ бүх асуудлыг олж харахад тийм ч хэцүү биш байна шүү дээ.
Нэн тэргүүнд нүхэн жорлонгуудыг эко жорлонгоор солих нь усны бохирдлыг бууруулахад мэдэгдэхүйц нөлөө үзүүлж чадахаар байна. Гэтэл хэвлэлээр сурталчлаад байсан олон мянган долларын өртөгтэй шинэ жорлонгууд нь цоожтой, үзүүлэн төдий л харагдаж байгааг юу гэж ойлгох вэ? Усан зам дээр жорлон олно гэдэг тэнгэрээс од шүүрэхтэй адил байгаа төдийгүй, тэнд эко жорлонгийн талаарх ойлголт мэдлэг огт үгүй болох нь илт байна. Энэ бүхэн Хөвсгөл нуурын орчны бохирдлыг үүсгэж буй хамгийн том шалтгааны нэг байсаар байтал үүнийг мэдэж, анзаарч байгаа төрийн албан хаагчид, дарга нар гэж энд ер нь байна уу? Орон нутгийн захиргаа, Байгаль орчны алба, Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргаа, Хөвсгөл нуурын тусгай хамгаалалттай газрын захиргаа, эцэст нь Байгаль орчны яам юу хийж байна вэ?
Нутгийн иргэд бол далайгаа хайрладаг. Гагцхүү Хөвсгөл нуурыг хамгаалах төрийн цогц бодлого, Хатгалын иргэдэд болон аялагчдад хандсан шинэлэг мэдээлэл бүхий сургалт, сурталчилгаа илтэд дутагдаж байна. Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын харуулууд мөнгө авахаас өөрийг хийхээ больсон харагдана. Хогны уут өгч, гарахдаа хогоо тушаа гэдэг байсан нь санхүүжилтгүйн улмаас зогссон бололтой. Аялагчид энэ талаар санаа зовж, ядаж л хог үлдээхгүй аялах талаар анхаарч байгаа болов уу? Эргэлзээтэй зүйл олон харагдсан. Амралтын газар бүр бохироо соруулдаг эсэх, хогоо ангилж хогийн цэг дээр аваачиж хаяж байгаа эсэх, аялагчид үнэхээр жорлон олж бие засаж чаддаг эсэх, тэр жорлон нь ямар болох, автомашинтай иргэд нуурын усанд машинаа угаасаар л байгаа эсэх, хогоо хаа таарсан газартаа замбараагүй хаяж байгаа эсэх гэхчлэн сэтгэл өвтгөсөн олон асуудал шил шилээ даран овоорч байна шүү дээ.
Хөвсгөл нуураа аврахын тулд, хүн ардаа соён гэгээрүүлэхийн тулд байгаль орчны Соёлын хувьсгалыг хийх цаг болжээ. Үндэсний олон нийтийн болон бусад телевизүүд байгаль орчныг хамгаалах, байгальд ээлтэй амьдрах боловсролын хөтөлбөртэй болж нийгмийн хариуцлагын хүрээнд нийтлэл, нэвтрүүлгийн бодлого гаргаж, монголчуудыгаа соён гэгээрүүлэх үйлсэд гар бие оролцоцгооё. Цэцэрлэгийн хүүхдээс эхлээд сургуулийн сурагчид, оюутнуудын сургалтын хөтөлбөрт ч энэ сэдвийг оруулъя. Багш, эмч, байгаль хамгаалагч нар хамтраад олон нийтэд хандсан сургалтын хөтөлбөр боловсруулж, орон нутагтаа соён гэгээрүүлэх ажлыг хийцгээе.
Гадаад хэл эзэмшсэн залуус аа, та бүхэн гадаад орны сайн туршлагаас судлаад орчуулж фэйсбүүк, твиттер, инстаграмд шинэ мэдээлэл тогтмол оруулж хувь нэмрээ оруулаач. Сайт, сонинуудад бичээч. Сайн туршлагын бичлэг олж нийгмийн сүлжээнд оруулаач. Санаачилгатай бай л даа, залуус аа. Та нар одоо л улс орноо авч явахад өөрсдийгөө бэлдэх ёстой шүү дээ.
Энэ бүхнийг одоо л хийхгүй бол оройтох нь байна. Монгол Улс шиг өндөр боловсролтой олон залуустай, дээд боловсрол эзэмшсэн хүнийхээ тоогоороо дээгүүрт жагсах улс л иргэдээ соён гэгээрүүлэх ажлыг хийхгүй юм бол өөр ямар улс хийх юм бэ?
Нутгийн иргэд Хөвсгөл далайгаа хайрладаг гэдгийг дахин хэлье. Тэд бол усаа хэмнэж амьдардаг хүмүүс. Хатгал тосгоны оршин суугч нэгэн гэр бүлийн амьдралаас жишээ дурдъя. Хэдэн жилийн өмнө аавынхаа нэвтрүүлгийг хийхээр сэтгүүлчидтэй хамт Хатгал тосгонд хэд хонохдоо Дорж ах, Мажаа эгч нарынхаа аавынх нь байшинд байрласан юм. Бидний гар угаах болон аяга, сав угаах ус тусдаа, уух ус нь тусдаа байсан юм. Гэтэл хуримтлуулсан борооны усыг ахуйн цэвэрлэгээндээ хэрэглэдэг юм билээ. Хөвсгөлчүүд ер нь дүнзэн байшин барихдаа борооны ус дамжуулах хэсгийг дээвэртээ заавал хийж, ус тосох сав доор нь тавьдаг заншилтай. Тэр нь энд ч адил болохыг нүдээр харсан минь тэр байлаа. Далайн эрэгт бороо хур элбэг учир ус дундрахгүй шахам сэлбэгдэнэ. Харин уух усаа зөвхөн далайгаасаа авна. Далайн эрэгт хог харагдвал бушуухан түүж авах үүрэгтэй. Дээхэн үед “Далайн эмгэн” хэмээх нэгэн хүн олон жилийн турш өдөр бүр эргийн хогийг түүж далайгаа цэвэрлэдэг байсан тухай домог мэт яриа нутгийнхны дунд яригддаг байсан сан. Өнөөдөр ч жуулчны баазууд амралтын газрынхаа өмнөх далайн эргийг цэвэрлэдэг. Далайгаасаа ундны ус төдийгүй бүхий л хэрэглээнд ашиглах усаа татаж авдаггүй газар жуулчны баазууд дотор нэгээхэн ч үгүй. Усгүй бол хэн ч тэр амралтанд амрахгүй биз дээ. Тийм учраас “Ус чандмань эрдэнэ” хэмээн дээдэлж, усаа хамгаалж ирсэн монголчуудын маань уламжлал та бидний үед мартагдах ёсгүй билээ.
ХОГГҮЙ УЛС БОЛЦГООЁ!
Шведэд хог хаягдал нь дуусч, тус улс бусад улс орнуудаас дахин боловсруулах хог импортлоход бэлэн болсон тухай мэдээ дэлхий нийтийг цочирдуулан гайхшруулж байна. Харин бид хогоо экспортлоод ч дуусахааргүй болтлоо хогондоо дарлагджээ. Хатгалын Усан зам, тосгоны төв, түүний ойр орчин, Жанхайн даваа, хажуугаар нь өнгөрсөн олон амралтын газруудын ойр тойрон, далайн эрэг, гол усны хөвөө, зам дагуух овоон дээр ч хаа сайгүй хог л харагдаж байсныг хэлэх хэрэгтэй. Овоон дээр сэржим өргөж сархад хүртчихээд шилээ уутанд хийж аваад явахад яана даа, ядаж гэж харуусмаар хэмжээнд овоогоо хогон овоо болгожээ, бид. Ус ундаа уучихаад пластик савнуудаа замын хажуугаар шидэлсэн нь ч зөндөө. Энэ бүгдийгээ ууталж аваад нэгдсэн хогийн цэг дээр хаях тийм хэцүү гэж үү? Бас байгальд бие засчихаад 00-ийн цаас дээр нь тавиад орхихын оронд булж болдоггүй юм уу? Өчнөөн шинэ шийдэл гарсныг нийгмийн сүлжээнээс өдөр бүр шахам харж байгаа биз дээ. Ядаж уснаас хол байлгаж болно шүү дээ. Ариун цэврийн хэрэглэл, памперс, гялгар уут, батерей, техникийн хаягдал, лааз, пластик аяга, бохь, ундааны сав, татсан тамхины иш, архины шилээр байгаль бузарлачихаад яаж сэтгэл амар явж чадаж байна вэ? Энэ бүх хогнууд байгальд шингэхгүй гэдгийг мэдсээр байж насанд хүрэгчид нь яагаад буруу үлгэр дуурайл үзүүлээд байдаг юм бэ? Бүгд шахам өндөр боловсролтой, ядаж л бичиг үсэг тайлагдсан хүмүүс байгаа шүү дээ...
Нэн тэргүүнд ил задгай хог хаяхаа больцгооё. Хогоо ангилж суръя. Бэлээхэн туршлага энэ байна. “...Шведэд гэр бүл болгон өөр өөр хог хаягдал хийх 6-7 хогийн сав байдаг, тухайлбал, хуванцар, цаас, шил, картон, металл болон бусад. Үүнээс гадна дахин ашиглах боломжгүй хаягдалд зориулагдсан хогийн сав байдаг аж. Стокгольмын ямар ч балчир хүүхэд чихрийн цаасаа гудамжинд хаях байтугай буруу хогийн сав руу хаядаггүй. Ийм дадлыг цэцэрлэг, сургуулиас нь эхлээд зааж өгдөг юм байна. Шведэд хогоо буруу саванд хийсэн байна гэж торгодог...”
Швед шиг болохын тулд бид өөрсдөө юу хийх вэ гэдгээ бодоцгооё. Төрийн бодлого боловсруулъя. Байгаль орчны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай нягт хамтран ажиллаж, иргэдээ соён гэгээрүүлэх аяныг өрнүүлцгээе. Энэ бол 21 дүгээр зууны Соёлын хувьсгал байх болно. Хогны байцаагч, жорлонгийн байцаагч, усны байцаагч, бохирын байцаагч нарыг ажиллуулъя. Хатуу шаардлагыг сургалттай хослуулъя. Торгууль тавьж төлүүлээд эхэлье. Нэгэнт үүссэн хогоо бүрэн цэвэрлэцгээе. Хог боловсруулах, эко жорлон нийлүүлэх бизнес, олон удаа хэрэглэдэг памперс, ариун цэврийн хэрэгслийн хэрэглээг бодлогоор дэмжье. Соён гэгээрүүлэх аяныг хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүр, төрийн бүх байгууллага, төрийн бус байгууллага, хувийн аж ахуйн нэгж бүр, иргэн бүрийн оролцоотойгоор орон даяар өрнүүлж, хүрэх үр дүнг тооцсон тодорхой төлөвлөгөөтэйгээр ажиллая. Монголчууд аливаад суралцах, сэхээрэхдээ сайн шүү дээ.
Хоггүй улс болцгооё. Жорлонгийн хувьсгалыг хийцгээе. 21 дүгээр зууны Соёлын хувьсгалд хүн бүрийн оролцоо хэрэгтэй.
Хатгал, Хөвсгөл нуур, 2019 оны 7 сарын 24-27
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 5 )
хөвсгөл нуурын хамгаалалтын бүс гэж 200 метр байгаа гэвч тусгай хамгаалтын даваабаяр гэдэг газрын наймаачин 3 газарт хамгаалалтын бүс дотор газар зарсан байгаан. грэт резорт. байкал. хунгийн эрэг гэж амралтын газрууд. түүнчлэн онцгой байдал амралтын бизнесрүү орж бас хамгаалалтын бүст амралт барисан бнлээ.
hvmvvsee baigalaa hairlii usaa hemnii hvn bvr hicheetsgee hezee ch haramsahgvi amidartsgaya vr hoichoo bodooroi unuu margaashiin hariutslagagvi vildel
YACHIKHSAN TENEG KHUMUUS YUM BE DEE . TOOTSOOTOY TULUWLUGUUTEY YUM KHIINE GEJ BAYKHGUY , ZAWAAN BOKHIR . NEG NEGNEESEE DEER GARAKH GESEN KHUGIIN KHOGIIN KHUMUUS YUM DAA BID CHINI
Zuv shd, usaa hamgaalah heregtei.
Hetsuudee, negneesee deer garah gesen Huwisgaliin ued yuun baigal orchin, us und, hvn am. . . Ami amia bodooroi huuli gedeg Ene.