Хэнтий аймагт болох УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг ирэх зургадугаар сард зохион байгуулна. Харин нөхөн сонгуульд оролцох эсэхээ нам, эвслүүд ирэх лхагва гараг буюу тавдугаар сарын 1-нээс өмнө шийдэж, Сонгуулийн ерөнхий хороонд оролцох саналаа хүргүүлэх ёстой юм. Энэ хүрээнд өнөөдөр /2019.04.29/ Тусгаар тогтнолын ордонд МАН-ын IV Бага хурал хаалттай хуралдаж, дөнгөж сая өндөрлөлөө.
Энэ удаагийн хурлаар гурван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм. Өөрөөр хэлбэл, Хэнтийн аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох тухай, УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх, санал хураалт, дүн гаргах журам батлах тухай, МАН-ын Удирдах зөвлөлийн тайланг тус тус хэлэлцжээ. Тэгвэл Бага хурлын гишүүдийн олонх нь Хэнтий аймагт болох 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцохыг дэмжсэн байна. Энэ талаараа МАН-аас маргааш /2019.04.30/ мэдээлэл хийх бөгөөд Сонгуулийн ерөнхий хороонд нөхөн сонгуульд оролцох эсэхээ эцэслэн хүргэхээр боллоо.
Сэтгэгдэл ( 0 )