Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын XIII зөвлөлдөх уулзалт 2019 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Вашингтон хотноо болов.
Уулзалтад Монголын төлөөлөгчдийг ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэн, Америкийн төлөөлөгчдийг Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал хариуцсан Туслах ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч П.Мерфи нар тус тус ахалж оролцов.
Энэ удаагийн улс төрийн зөвлөлдөх уулзалтаар талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд 2018 онд гарсан амжилт, ахиц, дэвшлийн талаар ярилцаж, 2019 онд болон цаашид хамтран хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцов. 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнгээр Монгол, Америкийн харилцааны түвшин ахиж, Өргөтгөсөн иж бүрэн түншлэлд хүрсэн, талууд МКС-ийн 350 сая ам.долларын өртөг бүхий Хоёр дахь компакт гэрээг байгуулсан, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх замын зураглалаа хамтран зарласан зэрэг чухал үйл явдал тохиосныг талууд сайшаан тэмдэглэв.
Монгол, Америкийн хоорондын дээд, өндөр түвшний яриа хэлцээг үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа талууд харилцан нотолж, хоёр улсын иргэд хоорондын харилцааг улам бүр өргөжүүлэх зорилтын хүрээнд америкийн тал “LEAD Mongolia” хөтөлбөрийг 2021 он хүртэл үргэлжлүүлж буй, Монгол Улс дахь Энхтайвны корпусын сайн дурынхны тоог болон Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд судлаачдын солилцоог нэмэгдүүлж байгаа зэргийг онцлов.
Талууд мөн бүс нутаг, олон улсын тавцанд болж буй харилцан сонирхсон асуудлаар мэдээлэл солилцож, байр сууриа харилцан илэрхийлж, цаашид Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, тогтворжуулах, ил тод, нээлттэй засаглал, эрх зүйт тогтолцоог улам бүр бэхжүүлэх, санхүүгийн болон мөнгө угаах гэмт хэрэгтэй үргэлжлүүлэн хамтран тэмцэх, энэ чиглэлийн Монголын чадавхийг бэхжүүлэх, дэмжлэг үзүүлэх зэрэг болон дэд бүтэц, эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалтын асуудлаар ярилцав. Хоёр тал мөн иргэний агаарын аюулгүй байдал, уул уурхайн аюулгүй байдлын чиглэлээрх хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Уулзалтад Монголын талаас ГХЯ, ҮАБЗ, ЭХЯ, ХХААХҮЯ, Үндэсний хөгжлийн газар, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ зэрэг байгууллагын нийт 20 орчим төлөөлөгч, америкийн талаас Төрийн департамент, СЯ, БХЯ, Хөдөлмөрийн яам, Худалдааны яам, Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Худалдааны төлөөлөгчийн газар, Дотоодын аюулгүй байдлын яам, МСК, Холбооны агаарын газар, Цагаачлал, гаалийн алба, Гадаадын хувийн хөрөнгө оруулалтын газар, АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ зэрэг 12 байгууллагын 50 орчим төлөөлөгч оролцов.
Улс төрийн зөвлөлдөх уулзалтын өмнө Монгол, Америкийн Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хорооны VI уулзалт, ГХЯ, Төрийн департамент хоорондын консулын анхдугаар зөвлөлдөх уулзалт мөн болов.
Эх сурвалж: ГХЯ
Сэтгэгдэл ( 0 )