УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.05.01) хуралдаанаар Засгийн газраас 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Энэ талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 57 дугаар зүйлийн 57.9 дэх хэсэгт “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно.", 57.10 дахь хэсэгт “Энэ хуулийн 57.9-д заасан албан тушаалын цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрт Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын ерөнхий прокурор, түүний орлогч хамаарахгүй." гэж тус тус заасан. Иймд Төрийн албаны тухай хууль (шинэчилсэн найруулга)-д нийцүүлж, төрийн өндөр албан тушаалтнуудын цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг боловсруулсан гэдгийг онцлов.
Энэхүү тогтоолын төсөл Төрийн албаны тухай хууль (шинэчилсэн найруулга)-д заасны дагуу дараах харилцааг зохицуулна. “Төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах албан тушаалтны албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр”-ийг 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдөр УИХ-аас анх баталсан. Итгэлцүүрийг батлахдаа яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын сарын цалингийн хамгийн өндөр шатлалд хамаарах цалингийн хэмжээг суурь болгосныг хэвээр мөрдөнө. Ингэснээр төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээг шинэчлэх, цалингийн хэмжээг нэмэгдүүлэх бүрт итгэлцүүрт харгалзах коэфициентоор төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ нь дагаж нэмэгдэж байх юм гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.
Мөн Төрийн албаны тухай хуулин 57.10-т заасны дагуу цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрт Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, Авлигатай тэмцэх газрын удирдах ба гүйцэтгэх албан тушаал, Аудитын газрын удирдах ба гүйцэтгэх албан тушаалуудыг хамааруулахгүй байхаар тусгасан. Эдгээр албан тушаалуудын цалингийн хэмжээ, сүлжээг тогтоохтой холбоотой зохицуулалтыг салбарын хуулиудаар нь зааж, УИХ-аас тусгайлан тогтоож байгаа учир давхардал үүсэхгүй байх зорилготой гэж С.Чинзориг сайд танилцуулгадаа дурдав.
Төрийн албаны тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж байгаатай холбогдуулан мөн өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан байна. Энэхүү цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг баталснаар төсөвт нэмэлт ачаалал үүсэхгүй болно гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Чинзориг гэгчийг би их өмөөрч байж билээ Батхүү зоригт хоёрт ялагдах нь зөв байжээ Өөрийнхөөл цалин нэмэх тогтоолыг боловсруулахаас өөр юм хийсэнгүй Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж байна гэж их сүр дуулиан болгосон боловч цаанаа банкны эрх ашиг хөндөгдөхгүй зээлээ бүрэн төлсөн хүнд олгоно гэдгээр хаачихсан байгаа юм Зээлдэгч эмгэн хэзээ яаж бүрэн төлөх юм бэ Турж үхэхгүйн тулд зээлээ үргэлжлүүлэн өндөр хүүтэй нь авахаас өөр аргагүй шүүдэ