УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.02/ нэгдсэн хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Сүүлийн үед бага насны хүүхдүүдийг хүчирхийлсэн гэх таагүй мэдээллүүд олон гарах боллоо. Сэтгэл эмзэглэж байна. Нийгэмд 30 жил шийдээгүй асуудал хуримтлагдаад тэсрэх хэмжээнд орчихлоо. Хүүхэд тарчлаадаг, охин хүүхдийг тамалдаг, хүчирхийлдэг явдлыг яах юм бэ. Үүнийг төрийн бодлогоор дариухан шийдмээр байна” гэсэн юм. Мөн М.Билэгт гишүүн “Сэтгэл эмзэглүүлсэн асуудлуудаар ойрын үед бодит арга хэмжээ авахыг УИХ-ын дарга зохицуулж өгнө үү. Нялх балчир хүүхдүүд хүчирхийлэлд өртөж байгаа нь хэрээс хэтэрлээ. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд ирээдүйд ямар хүн болж төлөвших вэ” гэсэн бол О.Баасанхүү гишүүн “Удахгүй хүүхдийн баяр болно. Гэтэл хүүхдийн эсрэг гэмт хэрэг гамшгийн хэмжээнд очсон байна. Энэ асуудлаар хэлэлцүүлэг хиймээр байна. Эрүүгийн хууль шинэчлэгдсэнээр 14-16 насны хүүхдүүд хүчирхийллийн хохирогч болж байна. Тэгэхээр хүүхдийн хүчирхийллийн асуудлыг цогцоор нь авч үзэх хэрэгтэй. Ерөнхий прокурорыг дуудаж УИХ дээр мэдээлэл сонсмоор байна. Үр хүүхдийнхээ эсрэг хийж байгаа гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байгаа төлөвлөгөөг сонсмоор байна” гэж байр сууриа илэрхийллээ.
Үүнд УИХ-ын дарга Г.Занданшатар “Энэ үнэхээр чухал асуудал. Гэхдээ бид ярьдаг биш, хийдэг парламент байх ёстой. Хэлэлцүүлэг зохион байгуулж болно. Хууль зүйн байнгын хорооны даргатай яриад хүний эрхийн асуудлаар нээлттэй сонсгол явуулахаар бэлдэж байна. 14 хоногийн өмнө зарлах ёстой. Хүний эрхийн тайлан, эрүүгийн хэргийн тайланг нэгтгэж нээлттэйгээр сонсоно. Гэрч дуудаж, асуулга явуулж ажиллах юм. Хүүхдийн эрхээр тусад нь нээлттэй сонсгол явуулж болно. Гишүүд нээлттэй сонсгол явуулж хэвшмээр байна. 19 гишүүний саналаар нээлттэй сонсгол явуулдаг. Санал гаргасан гишүүд хүүхдийн эрхийн асуудлаар нээлттэй сонсгол явуулах саналаа тавиад хэрэгжүүлэх боломжтой” гэсэн юм.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Цаазын ялгүй улс орон буй болгосон гэх нэр төр хөөцөлдсөн,яваандаа цаазаас мултрах алсын муу санаа өвөрлөсөн Элбэгдоржын зөвхөн энэ үйлдэл улс оронд ямар их гай гамшиг тариваа,ер нь энэ этгээдэд хууль үйлчилэх үү?залхтал бичлээ,одоо хуулиа хэрэгжүүлэх болоогүй юу?