ДОРНОД: Халхголын дайны ялалтын 80 жилийн ойн нээлт болно

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 02

Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан XX зууны түүхэн үйл явдлын нэг Халхголын байлдааны ялалтын 80 жилийн ойг 2019 оны наймдугаар сард тэмдэглэн өнгөрүүлнэ. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны долдугаар сарын 210 дугаар тогтоолоор Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг 2019 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай шийдвэр гарсан. Энэ хүрээнд ойд бэлтгэх, зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан бөгөөд ойг тэмдэглэн өнгөрүүлэх аймгийн ажлын хэсгийн даргаар аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, ой зохион байгуулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар, дэд хурандаа О.Ганзориг нар томилогдон ажиллаж байна. Ойн арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 5 салбар хороон байгуулагдсан. 

Халхголын ойн хийгдэх томоохон ажлуудын нэг Халхгол суманд байрлах хөшөө дурсгалуудыг сэргээн засварлах ажил хийгдэх бөгөөд аймгийн ИТХ-аар төсөв хөрөнгийг баталж, эхний байдлаар 6 хөшөөний тендерийн ажил зарлагдаад байна Үүнд Яковлевийн хөшөө, ханан хөшөө, Ерэнбаатарын хөшөө, Хилчин дайчдын хөшөө, Монгол дайчдын хөшөө дурсгалуудыг аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар засварлах ажил хийгдэнэ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Халхголын Ялалт хөшөө, Монгол улсад цорын ганц Халхголын дайны түүх өгүүлэх "Ялалт” музейн гадна пасадыг засварлах ажил бүрэн хийгдэнэ. ОХУ-ын зүгээс тодорхой тооны хөшөө дурсгалыг засварлах ажил хийгдэх бөгөөд судалгааны ажил хийгдэж байна. Бүтээн байгуулалтын ажлаас гадна ойтой холбоотойгоор аялагчдад зориулсан Халхголын чиглэлийн замын хөтөч /брошур/ хийгдэж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор замын тэмдэг тэмдэглэгээг шинээр хийх юм. Үүнд замын уулзвар болоод таних тэмдэглэгээ, хөшөө дурсгалуудын байрлах тэмдэглэгээ, танилцуулгыг бүрэн шинэчлэх ажил хийгдэх юм. Аймгийн Засаг даргын Захирамжаар байгуулагдсан 5 ажлын хэсгүүд төлөвлөгөө гарган үе шаттайгаар ажлуудыг зохион байгуулж байна. 2019 оны 05 дугаар сарын 06-нд Халхголын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан аймгийн нээлтийн үйл ажиллагааг Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулна.

Өглөө 09 цагт "Монгол дайчдын хөшөөн”-д цэцэг өргөх үйл ажиллагаагаар эхэлж, Тусгаар тогтнолын талбайд Халхголын "Ялалт” музей, аймгийн музейн дайны үзмэрүүдийг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх юм, мөн зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийн зэвсэг текник, урлаг соёлын арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Үйл ажиллагаа хоёр хэсгээс бүрдэж байгаа бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 09-нд Эх орны дайн буюу Дэлхийн II дайны ялалтын ойд зориулж үргэлжлэн Бунхан толгойд дахь "Нисгэгчдийн хөшөөн-д цэцэг өргөж, Тусгаар тогтнолын талбайд зүүн бүсийн цэрэг спортын "Дөл” тоглолт, "Ялалтын цуурай” богино өгүүллэг шүлгийн уралдаанууд зохион байгуулагдах ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top