БАЙНГЫН ХОРОО: Ц.Цолмонг чөлөөлж, Л.Өлзийсайханыг томилохыг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 08

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2019.05.08/ хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмонгийн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ. Мөн Ц.Цолмонгийн оронд УИХ-ын дарга Г.Занданшатарын санал оруулсны дагуу УИХ-ын даргын ахлах зөвлөх Л.Өлзийсайханыг томилох асуудлыг байнгын хорооны гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн юм.

УИХ-ын Тамгын газрын даргын томилгооны асуудлыг хэлэлцсэн Байнгын хорооны саналыг маргаашийн /2019.05.09/ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөөд буй.

УИХ-ын дарга Г.Занданшатарын ахлах зөвлөх Л.Өлзийсайхан нь одоогийн Тамгын газрын дарга Ц.Цолмонтой нэг ангид сурч байсан бөгөөд түүнийг томиловол УИХ-ын Тамгын газрын даргаар анх удаа эмэгтэй хүн ажиллах юм.

Нэр дэвшигч Л.Өлзийсайхан нь 1975 онд Дархан хотод төрсөн. 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 1999 онд хууль зүйн ухааны магистр хамгаалжээ. Тэрбээр 1998-2002 онд МУБИС, 2002-2015 он хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш, 2007-2012 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэст зөвлөх, ахлах зөвлөх, 2012 онд Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх, 2013-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанд газрын дарга, 2015-2017 онд шүүгч, 2017-2018 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх, 2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт газрын даргаар тус тус ажиллаж байсан. 2019 оноос Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа аж. Л.Өлзийсайхан нь төрийн албанд 21 жил, үүнээс найман жилд нь УИХ-ын Тамгын газарт ажиллаж байгаа дадлага туршлагатай төрийн албан хаагч бөгөөд хуульд заасан шалгуур, шаардлагыг бүрэн хангаж байгаа юм байна.

Top