ӨВӨРХАНГАЙ: “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 05 сарын 09

"Архидалтгүй Өвөрхангай" шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  аймгийн Засаг даргын 2018 оны А/504 дүгээр захирамжаар "Архидалтгүй, нийгмийн хариуцлагатай аж ахуй нэгж, байгууллага" аяныг 2018 оны есдүгээр сараас 2019 оны зургадугаар сарыг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна.

Энэхүү аяны хүрээнд мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэх, төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын архидан согтуурахтай тэмцэх ажилд оролцох оролцооны үр нөлөөг дээшлүүлэх, идэвхижүүлэх, алба хаагчдийг хариуцлагажуулахархины хамаарлаас гарсан, эмчлэгдэж, эрүүлжүүлэгдсэн иргэдийг ажлын байраар хангах, дэмжлэг үзүүлэх чиглэлээр аж ахуй нэгж, байгууллагад туг, дэвтэр аялуулж, архидан согтуурахтай тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үүрэг бүхий олон нийтийн эргүүлүүд өдөр бүр ажиллах ба Цагдаагийн газраас мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллах зорилготойгээр амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Аяны хүрээнд Арвайхээр сумын хэмжээнд өнөөдрийн байдлаар /2019.05.08/ 36 дахь байгууллага дээр аяны туг, дэвтэр аялаж байгаа ба Арвайхээр, Хархорин, Бат-Өлзий сумдад үр дүнтэй ажиллаж байна.

Дээрх хөтөлбөрийн хүрээнд архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, архины хор уршигийг сурталчлан таниулах соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр аймгийн 19 сумын төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан алба хаагч нийт 5000 гаруй иргэдэд “Сэтгэлийн хөгжил” төрийн бус байгууллагын тэргүүн, архигүй Монгол хөдөлгөөний соён гэгээрүүлэгч, удирдахуйн ухааны магистр А.Батсайханыг урьж, “Нэг” сарын хугацаанд “Монгол хүний үнэ цэнэ, түүнд сөрөгөөр нөлөөлж буй архидалтын хор уршиг”, “Архинд дондох өвчнөөс ангижирах арга зам“ зэрэг сэдвүүдээр лекц уншиж, иргэдийн сэтгэлгээ хандлагыг өөрчилсөн нөлөөллийн ажлуудыг зохион байгуулсаны үр дүн гарч байна.

Энэхүү сургалтын үр дүнд Бат-Өлзий суманд үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөлтэй 47 аж ахуйн нэгж байгууллагын дарга, эрхлэгч нараас 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хүртэл “Найм” хоног архи, согтууруулах ундаа худалдан борлуулахгүй байх саналаа гарган хэрэгжүүлж эхлээд байна.

Аяны үр дүнд иргэд олон нийтэд хүргэх архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, сургалт, мэдээлэл, сурталчилгааны ажил сайжирч, иргэдийн согтууруулах ундааны хэрэглээг бууруулан, архидан согтуурсны улмаас нийгэмд учрах сөрөг үр дагавар багассан, тусгай зөвшөөрөл бүхий архи, согтууруулах ундааны зүйл худалдан борлуулдаг, түүгээр үйлчилгээ явуулдаг газруудын мөрдөх хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдсан байна.

Эх сурвалж: Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top