ЧУУЛГАН: Хоёр удаа санал хураасан ч Ашигт малтмалын хуулийг дэмжсэнгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 09

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрлийг Ашигт малтмалын газар өгөхөөр энэ хуулинд орж ирж байгаа учраас би дэмжихгүй” гэсэн бол Г.Тэмүүлэн “Хуулийн өөрчлөлт орсноор хариуцлагатай уул уурхай хөгжихөд ахиц гарна гэдэгт итгэлтэй байна. Энэ хуулийн ажлын хэсгийн гишүүд сайн ажиллах хэрэгтэй. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалаа эцсийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангасны дараа экспортод гаргана гэж заасан нь хүндрэл чирэгдэл учруулсан байдал гаргах талтай гэж үзэж байна” гэсэн юм. Харин Н.Наранзаяа гишүүн “Стратегийн ордыг ашиглах зөвшөөрөл эзэмшигч нь аймгийн Засаг даргатай, стратегийн бус ордыг ашиглах зөвшөөрөл эзэмшигч нь сумын Засаг даргатай гэрээ байгуулахаар оруулж ирснийг дэмжиж байна. Орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлж байж уул уурхайн хөгжлийг хангана гэдгийг анхаарч үзэхийг хүсч байна. Уул уурхайн зөвшөөрөл авсан компаниудын нийгмийн хариуцлагын асуудлыг хуульд тусгах нь зүйтэй. Уул уурхайтай холбоотой нийгмийн зөрүүтэй ойлголтыг арилгах чиглэлээр хариуцагч байгууллагуудын зохицуулалтыг хийж өгөх нь зүйтэй” гэсэн юм. Мөн Б.Баттөмөр гишүүн “Бид өнгөц өөрчлөлт хийгээд байна. Газрын тос, ашигт малтмалын салбарт 30 жил төрийн бодлогогүй явснаар төлөвлөлтгүй явж ирлээ. Баялгийн өгөөж ард түмэнд хүртээлгүй. Төрийн бодлого алга болохоор ард түмэн ядуу байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Улмаар Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжээгүй юм. Иймд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр УИХ-ын даргад хандан "Хэдэн гишүүн хэвлэлийнхэнд ярилцлага өгөөд санал хураалтаас хоцорчихлоо. Та дахин санал хураалт явуулж өгөөч" гэсний дагуу дахин санал хураал явуулахад  гишүүдийн 51.9 хувь нь татгалзсан юм.

Ингэснээр хууль санаачлагч хуулийн төслөө эргүүлэн татаж, УИХ-ын гишүүдийн саналыг тусган дахин өргөн барихаар тогтлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top