УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээл авсан асуудалтай нь холбогдуулан УИХ-ын 2018.11.22-ны өдрийн 86 дугаар тогтоолоор албан тушаалаас нь түдгэлзүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхэд хамаарах аудитын тайланг баталгаажуулах үүрэг хууль тогтоомжийн дагуу хэрэгжихгүй, хууль зөрчигдөх нөхцөл үүсээд байгаа учир Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилуулах саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар оруулсан юм.
Нэр дэвшигч Д.Занданбат Баянзүрх дүүргийн татварын хэлтэст улсын байцаагч, Нийслэлийн татварын газарт улсын байцаагч, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн дарга, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын дарга, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, нийслэлийн Сүхбаатар дүүргийн татварын хэлстийн дарга, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, мөн яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга, Хөрөнгө оруулалт, үйлдвэрийн хэлтсийн дарга, Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Орон нутгийн аудитын байгууллагуудыг чадавхижуулмаар байна. Төсөв мөнгийг үр дүнгүй үрдэг байдлыг хянах хэрэгтэй байна. Ордны өрөө тасалгааг байнга засах юм. Байнгын хороодын дарга нарыг солих гэж байна. Бүгд өрөөгөө солино” гэсэн бол Д.Занданбат нэр дэвшигч “Орон нутгийн аудитын байгууллагуудыг ажиллах зарчмыг сайжруулахад анхаарна. Хараат бус ажиллах боломжийг нэмэгдүүлэхэд анхаарах болно” хэмээн хариуллаа. Мөн Ж.Бат-Эрдэнэ гишүүн “Д.Занданбат өмнө нь Татварын дарга байсан. Яагаад Татварын даргаа больсон юм бэ. “Ашигтай мест” гэж бодоод аудитын дарга болох гээд байгаа юм биш биз” гэсэн бол Д.Занданбат “Миний хувьд Татварын даргаас Засгийн газрын тогтоолоор чөлөөлөгдсөн. Өргөдөл өгсөн зүйл байхгүй” гэж хариуллаа.
Ийнхүү Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг УИХ-ын гишүүдийн 72.7 хувь нь дэмжсэн бол Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилох асуудлыг УИХ-ын гишүүдийн 87.3 хувь дэмжиж, томилсон юм.
Сэтгэгдэл ( 0 )