ӨВӨРХАНГАЙ: Зүүн хайрхан уулын тахилгын ёслол боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 13

Өвөрхангай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 89 дүгээр тогтоолоор Өндөр гэгээний өлгий нутаг Есөнзүйл сумын нутагт орших Зүүн хайрхан уулыг аймгийн тахилгат хайрханаар өргөмжилж, дөрвөн жилд нэг удаа тахихаар шийдвэрлэсэн байдаг. Хангайн нурууны их уулсын нэгэн бүл Зүүн хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслолыг аймгийн ИТХ, аймгийн Засаг даргын Тамгын газар, Есөнзүйл сумын Засаг даргын Тамгын газар хамтран зуны эхэн сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр буюу энэ сарын 12-нд зохион байгуулж, "Зүүн хайрханаа"-аа хоёр дахь удаагаа тайж тахилаа.

Энэхүү үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан сумдын удирдлагууд, нутгийн уугуул, суугуул иргэд болон зэргэлдээх сумдын иргэд, хөдөлмөрчид өргөнөөр цугларан, чуулж, сүслэн, залбирав. Зүүн хайрхан тахилгад Гандантэгчинлэн, аймгийн Ганданпунцоглин хийд, Шанх, Бээлийн хүрээ, Яргайтын сүмийн лам хуваргууд Түмэн дэмбэрэлийн юүлтий /газар, орны угаалга/ Зүүн хайрханы сан ариулга, Арван гурван сан, Намдаг сан тэргүүтэй номуудыг айлдаж, Лусын бумба залсан юм. Энэ үеэр “Өндөр гэгээний авшиг-2019” зүүн бүсийн хурдан морин уралдаан, бэсрэг наадам болж, хүчит 64 бөхийн барилдаан, үндэсний эрэгтэй сурын харваа, таван насны морьдын уралдаан зохион байгуулагдав. Зүүн хайрхан уул нь газарзүйн байршлаараа Есөнзүйл, Өлзийт, Бүрд, Сант, Хужирт, Баян-Өндөр сумдын уулзварт байрладаг амьтан, ургамлын арвин төрөл зүйл, сан хөмрөгтэй, ус ургамал нь тэгширсэн, үзэсгэлэнт сайхан өгөөмөр баян уул юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
яанаа одоо(202.21.118.174) 2019 оны 05 сарын 13

зүүн хайрханыг удахгүй тахих нэрийн дор там болгох юм байна даа. байгалийг байгаагаар нь байлгаж болохгүй юм байх даа. энэ гишүүд хүртэл тэнэгтээд гараа тосоод энд сууж байх юм.

0  |  0
Dorj(103.206.193.66) 2019 оны 05 сарын 13

Ene buur soliorch uguh uim aa

0  |  0
Top