ДОРНОД: ЭЕШ-ыг тэргүүлэгчдийн “Боловсролын өдөрлөг”-ийн эргэн тойронд

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 27

Дорнод аймгийн Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээлэл өгөх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Боловсролын экспо-2019” өдөрлөг энэ сарын 25-нд гурав дахь жилдээ боллоо.
 

Дорнод аймаг сүүлийн таван жил Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын оноогоор улсын хэмжээнд тасралтгүй тэргүүлж, багш, сурагчийг хөгжүүлж байгаа шинэлэг ажил, сургалтын орчин, боловсролын үйлчилгээний чанар хүртээмжид анхааран ажиллаж байгаа юм.

Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ганбат Агентлаг, хэлтсийн удирдлагууд, аймгийн Засаг даргын урилгаар Оросын Холбооны Улсын Өвөр байгалийн хязгаарын улсын их сургуулийн орлогч захирал Виктор Владимирович Кузнецов, Гадаад харилцааны дарга Дроботушенко Алексей Викторови, БСШУСЯ-ны хэрэгжүүлэгч агентлаг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Ж.Болормаа тэргүүтэй БМДИ-ийн Зөвлөх багш болон арга зүйч багш нар оролцлоо.

Өдөрлөгийн хүрээнд аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг, хэлтсүүд төгсөгчдөд мэргэжлээ зөв сонгох, гадаадын сургалтын тэтгэлэг болон боловсролын зээлийн сангийн талаар мэдээллийн нэгдсэн үйлчилгээ, багшийн хөгжлийн талаар мэдээ, мэдээлэл, Улсын болон анги дэвших, Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь, шалгалтад хэрхэн бэлтгэх зөвлөгөө, ирээдүйн идэвхтэй иргэн ба бидэнд хэрэгтэй чадварууд, амжилттай оюутан байх аргуудын талаар ахлах ангийн сурагчдад зориулсан лекц, сургалтууд явагдсан юм.

“БИ БАГШ” ҮНДЭСНИЙ КОНТЕНТИЙН УРАЛДААНД ШАЛГАРСАН БАГШ НАРТ ШАГНАЛ ГАРДУУЛАВ
 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон “Боловсрол” телевиз хамтран Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багшийн ажил мэргэжлийн онцлогийг нийгэмд таниулах, шилдэг арга зүй, ур чадвартай, манлайлагч багш нарыг дэмжин урамшуулах, багшийн мэргэжлийн нийгмийн үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд “Би багш” үндэсний контент зохион байгуулсан бөгөөд тус уралдааны нэгдүгээр шатанд шалгарсан Хэрлэн сумын 8 дугаар сургуулийн багш Н.Жаргалмаа, 12 дугаар сургуулийн багш Г.Оюунтуяа, Хан-Уул лаборатори сургуулийн багш С.Оюунтуяа нар аймагтаа тэргүүлжээ. Тэд бүсийн хэмжээний хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцож байна.

“БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛ” ТӨСӨЛД 21 ТӨСӨЛ ШАЛГАРЧ БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА
 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Дэлхийн банк хамтран хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төсөлд Дорнод аймгийн ЕБС-иуд маш идэвхитэй оролцож, 16 сургуулийн 21 төсөл шалгарч, боловсролын салбарын чанар, үр ашгийг дээшлүүлэхэд нийт 241,3 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр боллоо. Өдөрлөгийн үеэр тус төслийг хэрэгжүүлэх сургуулиудад батламжийг гардууллаа.

”ЭРҮҮЛ МЭНД-САРУУЛ УХААН-ӨВ ТЭГШ ХҮМҮҮЖЛИЙН ТӨЛӨӨ” ЗОРИЛТОТ ЖИЛИЙН ХҮРЭЭНД ШАЛГАРСАН ТӨСЛҮҮДЭД 12 САЯ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ОЛГОЛОО

Аймгийн Засаг даргын захирамжаар 2018-2019 оны хичээлийн жилийг ”Эрүүл мэнд-саруул ухаан-өв тэгш хүмүүжлийн төлөө” зорилтот жил болгон зарлаж, аймгийн ЕБС, цэцэрлэгүүд зорилтот жилийн хүрээнд олон талт ажлыг амжилттай зохион байгуулжээ. Энэхүү ”Эрүүл мэнд-саруул ухаан-өв тэгш хүмүүжлийн төлөө” зорилтот жилийн хүрээнд сургууль, цэцэрлэгүүдийн бүтээлч оролцоог нэмэгдүүлэх зорилгоор төслийн уралдаан зарлаж, шалгарсан төслүүдэд нийт 12 сая төгрөгийн санхүүжилт олгох батламжийг “Боловсролын экспо-2019” өдөрлөгийг үеэр гардуулан өглөө.

  • Хэрлэн сумын 11 дүгээр сургууль, "Эрүүл хүүхэд эх орны ирээдүй"
  • Халхгол сумын сургууль, "Амьдралын эрүүл, зөв дадал хэвшүүлцгээе"
  • Баян-Уул сумын сургууль, "Оюунлаг өв тэгш ирээдүй"
  • Хэрлэн сумын 2 дугаар цэцэрлэг, "Олон үйлдэлтэй байшин"
  • Булган сумын цэцэрлэг, "Сэргэлэн багачууд"
  • Хэрлэн сумын 11 дүгээр цэцэрлэг, "Бяцхан хөл бөмбөгчид"
  • Хэрлэн сумын 7 дугаар цэцэрлэг, "Биеийн тамирын талбай" төслүүд шалгарч батламжааа гардан авлаа

АРВАН ЗУРГААН НАСТНУУД "ИРГЭНИЙ АНДГАЙ" ӨРГӨВ

“Боловсролын экспо-2019” өдөрлөгт аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс арван зургаан нас хүрсэн сурагчдад Монгол Улсын иргэний үнэмлэх гардуулах, андгай өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол нь иргэний хувьд эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой, хөдөлмөрч, хууль, ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой. Сурагчид Монгол Улсын төрийн дуулалд хүндэтгэл үзүүлэн, эх орон, ард түмэндээ өргөх андгайг 1 дүгээр сургуулийн 10 дугаар анги сургуулийн сурагч Г.Мөнхжин удирдан 22 сурагч Монгол Улсын иргэний үнэмлэхээ энэ өдөр мөн гардан авсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top