Автотээврийн тухай хуулийг шинэчлэх шаардлагатай гэж үзлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 31

Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Автотээврийн тухай  хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Автотээврийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш нийт 19 удаа нэмэлт, өөрчлөлт орсноор хуулийн зүйл, заалтын уялдаа холбоо, утга алдагдсан, нөгөө талаас шинэ техник технологи нэвтэрч, дамжин өнгөрөх тээвэрлэлт, ачаа болон зорчигчийн терминал, авто зам дагуух үйлчилгээ, автомашины үйлдвэрлэл зэрэгт эрх зүйн зохицуулалт шинээр хийх зайлшгүй шаардпагатай гэж үзэн хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төслийг батласнаар автотээврийн салбарын өнөөгийн байдал, олон улсын болон бүс нутгийн нийтлэг жишиг, ирээдүйн чиг хандлагад нийцсэн, иргэдэд аюулгүй, ая тухтай, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх, тээврийн төрлүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, тээврийн дэд бүтэц, ажил үйлчилгээний чанар, хүртээмжийг хэрэглэгчдийн шаардлагад нийцүүлэх, стандартын шаардлага хангасан автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах, автотээврийн салбарын хяналтыг сайжруулах, нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангахад эрх зүйн таатай орчин бүрдэнэ гэж Засгийн газар үзсэн байна.

Танилцуулгуудтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, О.Батнасан, Х.Болорчулуун, Н.Амарзаяа, Б.Дэлгэрсайхан, М.Билэгт, Л.Энх-Амгалан нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авлаа. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, А.Сүхбат, Ж.Бат-Эрдэнэ нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Баталгаагүй сэлбэг, хэрэгслээс үүдэн авто осол гардаг тул төсөл дэх сэлбэг, хэрэгслийн талаарх зохицуулалт бүхий зүйлийг нягтлан, хариуцлагын санкцыг өндөржүүлэх саналыг Д.Хаянхярваа гишүүн гаргав. Түүнчлэн орон нутгийн зам дагуух хураамж хураах давхардсан цэгүүдийн үйл ажиллагааг эмхлэх,  олон улсын GPS сүлжээнд Монгол Улсыг нэгтгэх талаар санал хэлээд, төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн А.Сүхбат автозамын бүтээн байгуулалт, арчлалтын чанарыг сайжруулах, стандартад нийцүүлэх шаардлагын талаар байр сууриа илэрхийлж, тодорхой тоон мэдээллийг танилцуулсан. Авто тээврийн талаарх эрх зүйн зохицуулалтыг төрийн бодлоготой уялдуулж, эдгээрийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий механизмыг орон нутагт байгуулах шаардлага, ач холбогдлын талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ санал хэлсэн юм. Мөн зөвшөөрөл олгох замаар тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог багасгах, стандартыг мөрдүүлэхэд илүүтэй анхаарал хандуулах шаардлагатай байгааг хэлж байв. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 57.5 хувь нь Автотээврийн тухай  хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганаа(103.229.121.180) 2019 оны 05 сарын 31

Маш зөв, яаралтай буруу рультэй машиныг огт оруулж болохгүй.

0  |  0
Top